Финланд Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-31 16:13:22

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийж буйтай нь холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Александр Стубб өнөөдөр хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын үеэр талууд Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилан тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Түүнчлэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэж, Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стубб Монгол Улсад айлчлах урилгатайг байгааг дурдлаа. 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Финланд Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буй бөгөөд цаашид хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ мэдээллээ. 

関連ニュース