В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Украинд хийж буй дайнаа зогсооход 10-12 хоногийн хугацаа үлдсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Ийнхүү тэрбээр В.Путинд өмнө нь 50 хоногийн хугацаа өгснөө наашлуулж буйгаа мэдэгдлээ. Д.Трамп энэ мэдэгдлийг Шотландад даваа гарагт буюу өчигдөр хийжээ. "Би өнөөдрөөс эхлэн 10 эсвэл 12 хоногийн шинэ хугацаа тогтооно. Хүлээх шалтгаан байхгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.
“Ерөнхийлөгч Путинд маш их урам хугарсан, ийм учраас бид нөхцөл байдлыг эргэн харах хэрэгтэй. Түүнд өгсөн 50 хоногийн хугацааг богиносгохоор шийдлээ” гэж АНУ-ын удирдагч Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертэй уулзах үеэрээ мэдэгджээ. “Бид тохиролцоонд хүрлээ гэж бодож байсан. Гэтэл Ерөнхийлөгч Путин гэнэт Киев болон бусад хот руу пуужин харваж, олон хүний аминд хүрсээр байна. Гудамжинд энд тэндгүй хүмүүсийн цогцсууд хэвтэж байна” гэж тэрбээр хэллээ.
Д.Трампын шийдвэрийг Украины эрх баригчид сайшаажээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “хатуу байр суурь баримталж, энх тайвныг тогтоох маш тодорхой дохиог өгсөнд” нь АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн байна. “Путин зөвхөн хүч хэрэглэхийг л ойлгодог. Трампын мэдэгдэл бол маш тодорхой дохио. Энэ бол Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн баримталдаг зарчим юм” хэмээн А.Ермак "Telegram" сувагт бичсэн байна.
Долоодугаар сарын дундуур Д.Трамп Украинд гал зогсоохын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд 50 хоногийн хугацаа өгсөн юм. Хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол Оросын худалдааны түншүүдэд 100 хувийн хоёрдогч татвар ногдуулна гэж Д.Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэтэй Цагаан ордонд уулзахдаа мэдэгдсэн билээ. “Би худалдааг олон зорилгод ашигладаг” хэмээн Д.Трамп онцлоод “энэ бол дайныг зогсооход маш үр дүнтэй хэрэгсэл” гэж нэмж дурджээ.