Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-29 14:17:11

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ /.  Цаг уур орчны шинжилгээний газраас наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.


Баруун аймгуудын нутгаар. Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх аж.  Нэгдүгээр арав хоног, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хойш ихэнх нутгаар ОЖД–аас ялимгүй 0.5–1.5°С–аар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан  зарим үед өдөртөө 30 градсыг давж халах төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.


Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан хур тунадас  нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас ялимгүй 0.5–1.5°С–аар сэрүүн байх аж.  Хоёрдугаар, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоног болон хоёдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй.


Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орно. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх аж. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай.


Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр  дулаан, хур тунадас ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх аж.  Нэг, хоёрдугаар арав хоногийн дүгээр арав хоногийн ихэнх хугацаанд дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй.


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.  

                               

                      Уур амьсгалын тойм

Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8 дугаар сары агаарын температурын ОЖД нь +8…+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20...+24°C, бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг байна.


Мөн сарын агаарын дундаж температур 1979–1990, 1992–1998, 2020–2022 онуудад дарааллан ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байжээ. Харин  1999–2002, 2005–2008, 2023–2024 онуудад дарааллан ОЖД–аас дулаан байсан байна. Гэхдээ1984 оны 8 дугаарр сард ОЖД–аас 3°С–аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн, 2002 оны 8 дугаар сард ОЖД–аас 4°С–аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан сар болж өнгөржээ.


Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр сарын нийлбэр хур танадас ОЖД–аар 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог.


Наймдугаар сарын нийлбэр хур тунадас 2004–2006, 2008–2011, 2014–2016 онуудад дарааллан ОЖД–аас бага байжээ. Харин 1981–1984, 1990–1996, 2023–2024 онуудад дарааллан ОЖД–аас харьцангуй ахиу тунадас оржээ. Мөн 2002 онд нийт нутгийн дунджаар ОЖД–аас 26 мм–ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн хуурай 8 пдугаар сар болсон.


Улмаар 2021 онд ОЖД–аас 22 мм–ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн их тунадастай 8 дугаар сар болсон аж. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна . Гэвч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй. Хур тунадас баруун аймгуудын нутгаар ОЖД–аас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу орох төлөв гарчээ. 


Мөн нийт нутгаар халж хуурайшилт нэмэгдэх хандлагатай байна.  Иймд ард иргэдэд аялал зугаалгаар явж байхдаа гал түймрийн аюулаас сэргийлэхийн зэрэгцээ үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг ЦУОШГ-аас зөвлөжээ.

関連ニュース