НАСА-гийн ажилтнуудыг 20 хувиар цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-28 10:48:07

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 28 /Euronews/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ ажилтнуудын 20 орчим хувь нь Д.Трампын санал болгосон хувилбарыг хүлээн зөвшөөрч, ажлаасаа гарахаар шийдвэрлэсэн тухай тус төвийн хэвлэлийн төлөөлөгч Шерил Уорнер мэдэгджээ.


Ийнхүү тус сансрын агентлагаас 3870 хүн халагдсанаар 14 мянга орчим үлдэх бөгөөд ойрын үед энэхүү тоог нарийвчлан тогтооно. Цомхотголын эхний үе шатанд 870 орчим ажилтан халагдах өргөдлөө өгсөн бол баасан гарагт хоёр дахь үе шат дуусахын өмнө 3 мянган хүн ажлаасаа гарна гэдгээ мэдэгджээ. Энэ тоонд хугацаанаас өмнө тэтгэвэртээ гарах, сайн дураараа ажлаасаа халагдах хөтөлбөрийн хүрээнд халагдаж буй 500 хүн багтсан байна.


“Аюулгүй байдал бол манай агентлагийн эн тэргүүний зорилт хэвээр байгаа бөгөөд Сар ба Ангараг руу хийх нислэгүүд гэх мэт инновацийн судалгааны Алтан эрин үеийг үргэлжлүүлж чадах илүү үр ашигтай байгууллагыг бий болгоно” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.


Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт НАСА-гийн эрдэмтэд, өмнө нь ажиллаж байсан ба одоо ажиллаж буй 362 хүн мэдэгдэл хийж “тус төвийн төсвийг танаж, судалгааны ажилд олгодог тэтгэлгийг цуцалсан нь сансрын нисгэгчдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болзошгүй” хэмээн анхааруулсан байна.


Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны боловсруулсан 2026 оны холбооны улсын төсвийн тухай хуулийн төсөлд НАСА-гийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг 50 орчим хувиар, нийт санхүүжилтийг 24 хувиар танахаар тусгажээ. 

関連ニュース