Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан 16 түймрийг унтраахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Агуйт, Булган аймгийн Сэлэнгэ сумын Наран хэмээх газар гарсан түймрийг цурамд оруулсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр болон Ерөө суманд гарсан 12, Мандалын сумын гурав, Хэнтий аймагт нэг түймрийг унтраахаар ажиллаж байна. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 15 түймэр асаж байсан бол Хэнтий аймгийнх шинээр нэмэгджээ.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 220 алба хаагч, 13 авто машин, мэргэжлийн ангийн 209 хүн, 17 авто машинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Түүнчлэн түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.