ХӨВСГӨЛ: "Сарлаг наадам"-ыг 7 дугаар сарын 21-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-18 16:30:53

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 18 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ, “Жинст Мөрөн” ХХК хамтран 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн “Сарлаг наадам”-ыг зургаа дахь жилдээ 7 дугаар сарын 21-нд Алаг-Эрдэнэ сумын Далан булагт зохион байгуулна. 


Тус наадам нь сарлаг үхрийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах, зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах зорилготой юм.


Сарлагийн наадмын үеэр тохоштой ганган сарлаг үзүүлбэр, сарлагтай сайхан хос шалгаруулах, сарлаг бугуйлдах тэмцээн, сарлаг үхрийн уралдаан, сарлаг булгиулах тэмцээн, сарлагийн хөөвөр, ноолууран бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг болно.


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь байгаль цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд сумын малчид өрхийн орлогын 30 орчим хувийг сарлагийн ашиг шимээс бүрдүүлдэг байна.


Улсын хэмжээгээр 2024 онд 13 аймгийн 132 суманд нийт 999 400 гаруй толгой сарлаг тоолуулжээ.

 

 

関連ニュース