Европын зарим улс Украинд нийлүүлэх Америкийн зэвсгийн төлбөрийг хийхээс татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН, 2025 оны долоодугаар сарын 17 /DW/. Франц, Итали, Чех гэсэн НАТО-гийн гишүүн болох Европын гурван улс Украинд нийлүүлэх Америкийн зэвсгийн төлбөрийг хийх санаачилгад оролцохоос татгалзсан тухай барууны хэвлэлүүд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Франц улс уг санаачилгад оролцохоос татгалзсан шалтгааныг тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Европын орнууд өөрсдийн батлан хамгаалах үйлдвэрлэлийг дотоодын худалдан авалтаар хөгжүүлэх ёстой гэж эртнээс шаардаж ирсэнтэй холбон тайлбарлаж байна гэж "Politico" сэтгүүлд бичжээ. Үүний зэрэгцээ Францын Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч байгаа тул батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байгаа ажээ.
Итали улс мөн ийм ижил шалтгаанаар буюу төсвийн хүндрэлээс болж уг санаачилгад нэгдэх хүсэлгүй байна. "Италид төсвийн боломж үндсэндээ байхгүй. Америкийн зэвсгийг худалдан авах тухай яриа энд хэзээ ч болж байгаагүй" гэж Италийн Батлан хамгаалах яамны эх сурвалж “La Stampa” сонинд ярьсан байна.
Чехийн Ерөнхий сайд Петр Фиала мөн Украины хэрэгцээнд зориулан Америкийн зэвсгийг худалдан авахад оролцохгүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Publico” сэтгүүлд өгсөн тайлбартаа "Бид Украинд дэмжлэг үзүүлэх өөр арга хэлбэрүүдэд, тухайлбал, Чехийн сум, галт хэрэгслийг нийлүүлэх төслүүдэд голлон анхаарч байна. Тиймээс энэ шатанд уг хөтөлбөрт оролцох төлөвлөгөөгүй байна" гэжээ.
АНУ болон тус улсын холбоотнууд Украинд зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан тухай Д.Трамп долоодугаар сарын 14-нд мэдэгдсэн юм. Уг хэлэлцээрийн дагуу Америкийн зэвсгийг Украинд нийлүүлж, харин төлбөрийг нь НАТО-гийн гишүүн орнууд хийх юм. Маргааш нь буюу долоодугаар сарын 15-нд Д.Трамп хэлэхдээ, агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” цогцолборын пуужингуудыг Германаас Украинд нийлүүлж эхэлсэн гэж мэдэгджээ.