Ши Жиньпин Австралийн Ерөнхий сайдыг хүлээн авч уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-16 12:37:21

БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 16 /NHK/. Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе Хятад улсад хийж буй зургаан өдрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын удирдагч Ши Жиньпинтэй мягмар гарагт уулзжээ.


Хоёр улсын удирдагчид Бээжин хотноо хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Уулзалтын үеэр Ши Жиньпин Австралийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд Э.Альбанезед дахин баяр хүргэжээ. Тэрбээр хэлэхдээ, хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад-Австралийн харилцаа сүүлийн жилүүдэд хүнд үеийг даван гарч, таатай эргэлт гарсан  нь хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн хэмээн онцолсон байна. Ши Жиньпиний хэлснээр, хоёр улсын харилцаанаас авах гол сургамж нь “тэгш харилцааг баримтлах, санал зөрөлдөөнийг зохицуулахын зэрэгцээ ойлголцолд хүрэх гарцыг эрэлхийлэх, харилцан ашигтай хамтран ажиллах зорилго тавих нь манай хоёр улс, ард түмнүүдийн үндсэн эрх ашигт бүрэн нийцэж байна” гэжээ.


Э.Альбанезе хариуд нь мэдэгдэхдээ, Австралийн тал Хятад улстай өрнүүлж буй харилцаагаа үнэлдэг бөгөөд "хоёр улсын харилцаанд үндэсний эрх ашгаа эрхэмлэн, тууштай, тайван хандах бодлогоо үргэлжлүүлнэ" гэсэн байна. 


Хоёр улсын удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны томоохон татвар ногдуулаад байгаа үед уулзлаа. Хятад улс нь Австралийн хамгийн том худалдааны түнш бөгөөд талууд нээлттэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

関連ニュース