СЭЛЭНГЭ: Ерөө голын халуун рашаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-16 09:08:03

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн түүх соёлын үл хөдлөх өв, дурсгалт газрын нэг болох Сэлэнгэ аймгийн нутагт орших Ерөөгийн халуун рашаан юм.

 

Энэхүү рашаан нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн заагт, Ерөө голын эхний цутгал болох давчуу битүү ойгоор урсах Ар илчлэхийн голын дунд хэсэгт оршдог. 1150 метрийн өндөрт орших карбонат натрийн төрлийн халуун устай рашаан юм.

 

Рашааны усны халуун нь дунджаар 35-45 хэмийн хооронд хэлбэлзэх бөгөөд Онон, Естийн халуун рашааны нэгэн юм. Халуун рашаан нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн бага хэмтэй нь шаварлаг бөгөөд 40 хүрэхгүй хэмтэй.

 

Дараагийн хэсэг нь чулуун суурь бүхий 4 хүн хэвтээгээр багтах хэмжээтэй өмнөхөөс илүү хэмтэй юм.

 

Хамгийн халуун буюу 3 дах хэсэг нь 42 орчим хэмтэй. Эдгээр 3 хэсэг нь хэдхэн алхмын зайтай байрладаг. Өвлийн цагт мөстөж, халтирах аюултай байдаг. Хүмүүс рашаанд явахдаа усны хувцас, ванны том алчуур эсвэл ванны халат, Монгол дээл, тавчик гэх мэт зүйлстэй явахыг зөвлөдөг байна.

 

Мөн халуун рашаанд суухдаа энгийн саунд суух дүрэм журмыг баримтлах ёстой байдаг. Тодруулбал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орохгүй байх, тохиромжтой хугацаа нь нэг удаа 15-20 минут, ус ууж алдагдсан шингэнийг нөхөх, өвдсөн үедээ орохгүй байх гэх мэт.

 

Ерөөгийн халуун рашаан хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагаас 190 км. Улаанбаатараас нэг талдаа 300 км байдаг.



関連ニュース