ХОВД: “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-11 20:39:12

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын өдрүүдэд цагдаагийн газрын алба хаагчид морьт, хөдөлгөөнт эргүүл хийж байна.   

Энэ нь гудамж, талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм.


Мөн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөрийн үйл ажиллагаа 2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.

Энэ хүрээнд оюутнууд цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллаж байна. Тэд баяр наадмын үеэр гадаадын жуулчид болон иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч буй. Мөн бага насны хүүхдэд эцэг эхийн утасны дугаар бүхий бугуйвч олгож, төөрсөн хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч байна.  

関連ニュース