Испани, Францад ойн түймэр дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-07-09 13:35:54

ПАРИС, 2025 оны долоодугаар сарын 8 /APF/. Испанийн хойд нутаг, Францын өмнөд хэсэгт өргөн хэмжээний ойн түймэр дэгдсэнтэй холбоотойгоор долоодугаар сарын 8-ны мягмар гарагт Францын Марсель хотын нисэх онгоцны буудлыг хаажээ.


Францын Дотоод хэргийн сайд Бруно Ретайлогийн мэдээлснээр, 800 гаруй гал сөнөөгч болон агаараас гал унтраах зориулалтай нисэх онгоц оролцсон томоохон ажиллагааны үр дүнд түймрийн тархалтыг хяналтанд авч чадсан байна.


Урьдчилсан мэдээллээр, Марсель хотод хүний амь эрсдээгүй бөгөөд 110 хүн хөнгөн бэртэж гэмтсэний 30 орчим нь гал сөнөөгч, цагдаа нар байна. Түймэр 700 га талбайг хамарч, 63 орон сууцны барилга сүйдсэний 10 нь бүрэн шатжээ. Мөн 400 хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба гал сөнөөгчид шөнийн турш түймэртэй тэмцэнэ гэж мэдээлж байна. 


Испанийн ихэнх нутагт ойн түймэр дэгдэх эрсдэлтэй байгаа тул өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Өнгөрсөн зургаадугаар сар тус улсын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сараар бүртгэгджээ. Ялангуяа Каталони мужид байдал хүнд байгаа бөгөөд гурван мянган га талбай түймэрт сүйдсэн байна. Түймрийг унтраахад 300 гаруй гал сөнөөгч, цэргүүд оролцсон боловч хүчтэй салхины улмаас байдал хүндэрчээ. Каталонийн Таррагона хотын захиргаа ойн түймрийн аюулаас сэргийлж, гэрээсээ гарахгүй байх зөвлөмжийг 18 мянган хүнд хүргүүлсэн байна.



関連ニュース