БАЯН-ӨЛГИЙ: 2025 он хамгийн их гантай жил болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-04 12:29:39

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтнүүд 2025 оны 7-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.


Тус төвийн мэдээллээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд хур тунадасны хэмжээ дунджаас бага байж магадгүй гэж үзжээ.

 

Салхины дундаж хурд нэмэгдэх хандлагатай байгаа тул түр зуурын аадар бороо, дуу цахилгаантай бороо орох, салхи ширүүсэх магадлал их байгаа тул иргэдэд болзошгүй аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Мөн 2025 оны 6-р сард цаг агаарт зориудаар нөлөөлөх 4 удаагийн экспедиц амжилттай явагдсан бөгөөд ерөнхийдөө үр дүнтэй байсан гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ерөнхий инженер Т.Серикжан онцлов. Тэрбээр 15 жилийн турш энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд, 2025 он хамгийн гантай жил болж байгааг тэмдэглэлээ.

 

Гэсэн хэдий ч одоогийн ашиглаж буй пуужин, тоног төхөөрөмж нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, БНХАУ-ын хуучин загварын технологи бөгөөд технологийн хувьд хоцрогдсон тул шинэ, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирэн сум бүрд байрлуулах нь үр дүнтэй байж болохыг дурдав.

 

Аймгийн Засаг дарга Е.Зангар энэхүү асуудал чухал болохыг онцлон тэмдэглэж, шаардлагатай тохиолдолд гаднын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтойг мэдэгдэв. Мөн тоног төхөөрөмжийн үнэ 20-50 сая төгрөгийн хооронд байгаа бөгөөд ирэх жилийн улсын төсөвт суулгаж Засаг даргын нөөц хөрөнгөөр ч шийдвэр гаргах боломжтойг онцлов.


関連ニュース