Хүчтэй газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 2 /NHK/. Нанкай хагарлын орчимд хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд авах үндсэн арга хэмжээний суурь төлөвлөгөөг Японы Засгийн газар албан ёсоор баталжээ.
Уг төлөвлөгөөг мягмар гарагт болсон Байгалийн гамшгийн удирдлагын төв зөвлөлийн хурлын үеэр баталсан байна.
Энэ оны гуравдугаар сард гаргасан шинэ үнэлгээнд Нанкай хагарлын орчимд хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд хамгийн муу хувилбараар 298 мянган хүн амиа алдаж, 2.35 сая барилга нурж сүйдэх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Харин шинэ суурь төлөвлөгөөнд ирэх арван жилд амиа алдаж болзошгүй хүмүүсийн тоог 80 орчим хувиар, барилга байгууламжийн эвдрэл сүйрлийг 50 орчим хувиар бууруулахаар тусгасан байна.
Эдгээр зорилтыг 2014 онд дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлж чадаагүй байна. Засгийн газар хүний амь насыг хамгаалах асуудлыг тэргүүн зэрэгт тавих ёстой гэж үзэн уг зорилтуудыг өөрчлөлгүй хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Байгалийн гамшгаас учрах хохирлын хэмжээг багасгахын тулд ирэх 10 жилийн хугацаанд Засгийн газар хүчтэй газар хөдлөлт, цунамийн өндөр давалгаанд өртөх эрсдэлтэй бүс нутгуудад орших бүх байшинг газар хөдлөлтөд тэсвэртэй болгох арга хэмжээ авна. Мөн нүүлгэн шилжүүлэх байр, хоргодох байгууламжуудыг сайжруулахаар төлөвлөсөн байна.
Төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй холбоотой нийтдээ 200 орчим зорилтыг суурь төлөвлөгөөнд тусгажээ. Засгийн газар эдгээр арга хэмжээний хэрэгжилтийг жил бүр үнэлэн дүгнэж, бүс нутгийн түвшинд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллах ажээ.