Хуурамч дүрс бичлэгээс хамгаалах анхны хуулийг Данид санаачилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-01 15:58:20

КОПЕНХАГЕН, 2025 оны долоодугаар сарын 1 /hi-tech/. Хүний нүүрний дүрсийг өөр хүний бие дээр эвлүүлэн яг бодит мэт харагдуулдаг deepfake буюу хуурамч дүрс бичлэгтэй тэмцэхэд чиглэсэн цогц хуулийн төслийг санаачилсан Европын анхны улс нь Дани боллоо.


Шинэ хууль нь хүний дүр төрх, дуу хоолой, царайны онцлог шинжийг нь цахим орчинд зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалж, эдгээрийг ашиглах онцгой эрхийг иргэдэд олгох юм. 


Хуулийн гол заалтуудын нэг бол дижитал таних эрх буюу Данийн иргэн бүр хуурамч дүрс бичлэгийг устгахыг шаардах хууль эрх зүйн үндэслэл бий болно. Ийм шаардлагыг үл тоомсорлосон платформууд өндөр торгууль хүлээнэ. 


Мөн уран бүтээлчдийн эрхийг хамгаалах тухай заалтын дагуу урлагийнхан болон олон нийтэд танигдсан хүмүүс өөрсдийн үг хэллэг, тоглолт, дүр төрхийг нь хууль бусаар ашигласан тохиолдолд үүнийг зогсоох, мөн нэр хүндэд нь учирсан хохирлыг барагдуулахын тулд нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй болно.


Үг хэлэх эрх чөлөөг хамгаалах үүднээс бүтээлээрээ үзэл бодлоо илэрхийлэх хууль ёсны хэлбэрийг хамгаалж, элэглэх, егөөдөх эрхийг уг хуулиар хамгаалжээ.


Хиймэл оюуны технологийг урвуулан ашиглах тохиолдол эрс нэмэгдэж буй үед энэхүү санаачилгыг гаргаж байгаа юм. “Хүмүүс бид цахим хуулбарлах машины түүхий эд болж болохгүй” гэж Данийн Соёлын сайд Якоб Энгель-Шмит мэдэгджээ. 


Хуулийн төслийг Дани улсын парламентийн гишүүдийн 90 хувь нь дэмжсэн байна. Тус улсын эрх баригчид мөн Европын Холбоог даргалах хугацаандаа ийм зохицуулалтыг Европ даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 


Түүнчлэн хурдан шуурхай хариу арга хэмжээ авах тусгай механизмуудыг тусгасан байна. Тодруулбал, платформууд гомдол хүлээн авснаас хойш 24 цагийн дотор маргаантай контентыг устгах үүрэгтэй. Маргааныг шийдвэрлэхийн тулд хуурамч дүрс бичлэгийг тогтоох шинжээчийн комисс байгуулна. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалахад онцгой анхаарч, хүүхдийн дүр төрхийг ашигласан тохиолдолд 500 мянга хүртэл кроноор (67 000 ам.доллар) торгохоор заасан байна. 

関連ニュース