Хөвсгөл аймагт шинэ эмнэлэг, сургууль ашиглалтад оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-08 11:18:24

Хөвсгөл аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2014 оноос өрнөсөн эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалттай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ сарын 4-6-нд биечлэн танилцжээ.

Энэ үеэр тус аймгийн Бүрэнтогтох суманд шинэ Эрүүл мэндийн төв нээлтээ хийж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцсон бөгөөд мөн Хоттгойдын Чингүнжавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн шинэ байртай танилцсан байна. 1 тэрбум 950 сая төгрөгийн өртөгтэй энэ сургууль ашиглалтад орсноор сум төдийгүй алслагдсан багуудын хүүхдүүд сургуульд хамрагдах боломжтой болжээ.

Түүнчлэн тус аймгийн Их-Уул суманд улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан Сум дундын эмнэлэг ашиглалтад оржээ. Уг эмнэлэг нь зэргэлдээ Рашаант, Тариалан, Бүрэнтогтох, Тосонцэнгэл гэсэн 4 сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эмнэлгийн үйл ажиллагаатай биечлэн танилцах үеэрээ сумын иргэдтэй уулзаж, эмнэлгийн хүртээмжийн асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд иргэд цаашид сум бүрийг эмнэлэгтэй болгох талаар анхаарлаа хандуулахыг хүсчээ.

Н.Туяа

関連ニュース