Наадмын нээх, хаах ёслолыг 21 аймгийн төв талбайд дэлгэцээр шууд дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-01 11:07:59

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болов.


Монгол төрийн наадам бол ард түмний оюун санааны дархлаа, үндэстний нэгдмэл байдлыг илтгэх, төрт ёсны их утга учрыг тээсэн монголчуудын итгэл үнэмшил юм. Тиймээс энэ утга агуулга, үнэ цэнийг алдагдуулахгүй, ёс заншил, соёл уламжлалаа нягт хадгалахад онцгойлон анхаарах шаардлагатайг шадар сайд С.Амарсайхан онцоллоо.


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглах юм. Өөрөөр хэлбэл, олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ тал бүрээс нь харуулахыг зорьж байгаа аж.


Хурлын үеэр баяр наадмын нээлт, хаалтын бэлтгэл ажил болоод Хүй долоон худагт морин уралдааны зам, бусад тохижилтын ажил хэвийн үргэлжилж байгааг салбар хороодын дарга нар хэллээ. Энэ жил Японы Эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан наадмын нээлт болон төрийн хүндэтгэлийн тоглолтын утга агуулгад онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалт, аюулгүй байдалд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг баталсан. Энэ нь монголчуудын морьтон соёл, нүүдэлчний бахархлыг дэлхий дахинд таниулах чухал алхам юм.

Иймд баяр наадмын хөтөлбөрт морьтой үзүүлбэр, адууны хийморь сүлдийг илэрхийлсэн агуулгыг түлхүү тусгахыг холбогдох салбар хорооны удирдлагуудад анхааруулсан байна.


Мөн Үндэсний их баяр наадмыг нээх ёслолыг 21 аймгийн иргэд төв талбайгаасаа үзэх боломжоор хангах аж.


Тэгвэл наадмын нээлтийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар худалдаална. Харин нээлтийн орой дахин үзүүлэх тасалбарыг www.ticket.mn цахим хаягаар дамжуулан захиалан авах боломжтой юм байна.

関連ニュース