ТикТок-ийг худалдан авах хүмүүсийг олсон гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-06-30 10:09:03

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "ТикТок" нийгмийн сүлжээг худалдан авахад бэлэн байгаа “маш их хөрөнгөтэй” хүмүүсийг олсон гэж мэдэгджээ. Гэхдээ одоогоор эдгээр хүмүүсийн нэрсийг зарлахгүй гэсэн байна.


“Би энэ талаар хоёр долоо хоногийн дараа та бүхэнд мэдэгдэнэ” гэж тэрбээр ням гарагт "Fox News" сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. 


ТикТок-ийг худалдахын тулд Хятадын эрх баригчдын зөвшөөрөл шаардлагатай юм. Харин Трамп хэлэхдээ, Хятадын удирдагч Ши Жиньпин “зөвшөөрөх байх гэж бодож байна” гэжээ. 


Уг сүлжээг Америкийн компанид худалдахыг Хятадын “ByteDance” компанид үүрэг болгосон хуулийг АНУ-ын Конгресс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан юм. Эс бөгөөс нийгмийн сүлжээг энэ оны нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн АНУ-д хаах ёстой байв. "ТикТок" нь Хятадын эрх баригчдын хүсэлтээр Америкийн хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын засгийн газарт шилжүүлэн өгдөг байж болзошгүй (нийгмийн сүлжээ үүнийг удаа дараа няцаасан) тул үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж хууль тогтоогчид мэдэгджээ.


"ТикТок" нэгдүгээр сард АНУ дахь үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд зогсоосон боловч Д.Трамп тангараг өргөснийхөө дараа уг сүлжээг хаах хугацааг хойшлуулна гэж мэдэгдсэн юм. "ByteDance" компанид эл платформыг зарахыг үүрэг болгосон хуулийн хэрэгжилтийг АНУ-ын удирдагч зургаадугаар сарын 19-нд гурав дахь удаагаа хойшлуулсан тул одоо хэлэлцээрийг есдүгээр сарын 17-ны дотор байгуулах ёстой болсон байна.

関連ニュース