Францад улбар шар түвшний сэрэмжлүүлэг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-06-29 14:18:17

ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 29 /rfi/. Францын цаг уурын албанаас 96 мужийн 73-д нь цаг агаарын “улбар шар” түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. Тус улсын ихэнх нутгаар 30 хэмээс дээш халах төлөвтэй байгаа бол өмнөд нутагт 40 хэм хүрэх төлөвтэй байна.


Бямба гаргийн өглөө 15 бүс нутгийг хэт халах бүс нутгуудын жагсаалтад нэмсэн байна. Ялангуяа Францын өмнөд нутгаар агаарын хэм онцгой өндөр хэвээр байгаа бөгөөд Марсель хотын захиргаа энэ өдрүүдэд хотын бассейнуудыг иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй байлгахаар шийдвэрлэж, агааржуулагчтай олон нийтийн газруудын газрын зургийг нийтэлжээ. Ницца хотод 250 орчим зөөврийн сэнсийг олон нийтийн газруудад байрлуулж, өндөр настнуудад мөн тараасан байна.


Цаг уурчдын мэдээлснээр, ням гарагт Газар Дундын тэнгис орчмын зарим бүс нутагт агаарын температур 40 хэм хүрч хална. Нутгийн төв болон өмнөд хэсгээр 34-38 хэм, Иле-де-Франс нийслэлийн бүсэд 30-35 хэм байх төлөвтэй байна.


“Хэт халалт ирэх долоо хоногийн эхэн хүртэл үргэлжилж, агаарын хэм нэмэгдсээр байх төлөвтэй байна. Халалтын оргил үе бүс нутгаас хамааран мягмар эсвэл лхагва гарагт тохионо"  гэж Цаг уурын албанаас мэдээлжээ. 


Францад зургадугаар сарын 19-нөөс хэт халж эхэлжээ. Хэт халалтын гол шалтгаан нь “дулааны дээвэр” хэмээх үзэгдэл бөгөөд төвдөө их даралттай агаарын уруудах төвөөсөө зах руу чиглэсэн эргүүлэг урсгал агаар мандлын доод давхаргад таглаа мэт бүрхүүл үүсгэж, салхи нэвтрэхийг хааснаар агаар аажмаар улам халж эхэлдэг байна. 


Баруун Европ даяар хэт халж байна

Франц бол хэт халж байгаа цорын ганц улс биш юм. Хэт халуун цаг агаарын сэрэмжлүүлгийг мөн Италийн Ром, Венец зэрэг 20 орчим хотод гаргасан байна. Халууны давлагаа Португалыг мөн нөмөрчээ. Ням гарагт Лиссабон хотод 42 хэм хүрэх төлөвтэй байгаа бол Испанийн ихэнх нутгаар 40 хэмээс давж хална гэж цаг уурчид анхааруулжээ.


関連ニュース