Удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Хэнтий аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд зориулсан танхимын сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
Сургалт нь орон нутгийн удирдах түвшинд гамшгийн үед хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, төлөвлөлтийн чадавхыг сайжруулах, онцгой нөхцөл байдалд мэргэжлийн уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Сургалтад 140 гаруй алба хаагч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, гамшгийн үеийн удирдлагын зохион байгуулалт, гамшгаас хамгаалах төлөвлөлт, салбар хоорондын хамтын ажиллагаа, зуд, үер, түймэр, халдварт өвчин зэрэг аюулт үзэгдлийн үеийн хариу арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ.
Мөн олон нийттэй харилцах арга зүй, нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалт, шуурхай штабын бүтэц, гамшгийн голомт дахь холбооны ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг практик чадамж шаардсан сэдвүүд багтсан аж.
Сургалтын үр нөлөөг үнэлэх зорилгоор оролцогчдоос мэдлэг шалгах сорилыг цахимаар авч, мэдлэгийн ахиц дэвшил,
ойлголтын түвшинг харьцуулан дүгнэсэн нь сургалтын чанарыг тодорхойлох чухал
үзүүлэлт болсон бөгөөд сургалтад Онцгой байдлын ерөнхий газар болон НҮБ-ын
харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөл зэрэг мэргэжлийн
байгууллагын экспертүүд мэдээлэл өгчээ.