ТӨВ: Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-06-23 09:17:18

Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Зуунмод суманд 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болж шилдгүүд тодорлоо.  


Тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан юм.


Уламжлалт өв соёлын гайхамшиг, нүүдэлчдийн өв соёлыг шинжлэх ухаан, технологийн шинэ цагийн ололттой хослуулан шинэ шатанд хөгжүүлэхийн эхлэл болсон энэхүү тэмцээнд эх орны өнцөг булан бүрээс 100 гаруй малчин, хонь ноослогчид хүрэлцэн ирж оролцлоо.


Тэмцээний гар хайчны төрлийн тэргүүн байрыг 981.8 оноогоор Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, Монгол Улсын аварга малчин Шагдарсүрэнгийн Батмагнай эзэлсэн бол дэд байрт Төв аймгийн Баянхангай сумын малчин Гантөрийн Ганбаяр 976.3 оноогоор шалгарчээ.


Тус төрлийн гутгаар байрыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин, Монгол Улсын аварга малчин Жамъяангийн Цэрэндорж 963,8 оноогоор эзэлсэн бол тусгай байрт Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин, Аймгийн аварга малчин Батболдын Лхагвадорж 910 оноогоор тус тус шалгарлаа.


Цахилгаан хайчны сонирхогчдын түвшний төрөлд тэргүүн байрыг 8 минут 14 секундэд 5 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Чулуунбатын Азбаяр эзэлж, дэд байрт 10 минут 15 секундэд 5 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Гантөмөрийн Болд-Эрдэнэ шалгарсан юм.


Энэхүү төрлийн гутгаар байрыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчин Жаргалын Баяртөгс эзэлсэн бол тусгай байрт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин Эрдэнэболдын Баасанцэрэн нар тус тус тодорлоо.


Цахилгаан хайчны мэргэжлийн түвшний төрөлд тэргүүн байрт 10 минут 52 секундэд 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж шалгарч, дэд байрыг 11 минутад 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгйин Түвшрүүлэх сумын малчин Лхагвасүрэнгийн Сэржбүдээ эзэлжээ.


Гутгаар байрыг 13 минут 30 секундэд 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Гантулгын Мягмар-Очир эзэлж, тусгай байрт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Дорждэрэмийн Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.


Ташрамд, Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж 8 цагт 455 хонь хяргасан амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг тогтоосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс 2026 онд зохион байгуулах Олон улсын тэмцээнд оролцох батламжаа гардан авсан юм.

 


関連ニュース