Яаралтай тусламж үйлчилгээг сайжруулахад зориулж машин бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-20 11:28:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Японы Шизүока мужийн Изүнокүни хот нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгтэй найрамдалт хотын харилцаа тогтоосны 10 жилийн ойд зориулан галын насосны болон түргэн тусламжийн авто машин бэлэглэв.


Эдгээр автомашиныг Монголын замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн жолооны хүрдийг өөрчлөн, хөдөлгөөнд саадгүй орох боломжтой болгосон байна. Сонгинохайрхан дүүргээс өнгөрсөн жил эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулахад зориулан түргэний автомашин шаардлагатай тухай хүсэлт гаргасныг ийнхүү шийджээ.



Изүнокүни хотын захиргаа Японы Гадаад харилцааны яамны “Өвсний үндэс” Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дээрх автомашиныг хандивлахтай холбоотой тээвэрлэлт, жолооны хүрдийг өөрчлөн засах зэрэгт 8.5 сая иены зардал гаргажээ. Хандивийн автомашинуудыг Монгол руу ачуулах үеэр хотын дарга Ямашита Масаюки Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад манай хотоос илгээж буй автомашиныг сайн ашиглаж, үр дүн гаргахыг хүсжээ.


Хоёр автомашиныг Ёкохама боомтоос БНХАУ-ын Тяньжин хотын боомтоор дамжуулан Улаанбаатар хот руу тээвэрлэснээр долоодугаар сарын эхээр ирэх аж. 

関連ニュース