Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-19 13:16:35

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Хосбаяр нар өнөөдөр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.


Хуулийн төслийг төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулжээ. Хуулийн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих хэлбэр, чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтын харилцааг төсөлд тусгасан хэмээн УИХ-ын гишүүн М.Мандхай тодотгосон.


Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үе шат бүрт нэмүү өртөг шингээх боломжийг бүрдүүлэхийн тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ангилал, төрөлжилт, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн өртгийн сүлжээг хөгжүүлэх харилцааг тодорхой болгон тусгажээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.


Хуулийн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд холбогдох зохистой дадал, стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх, шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлтийг төрийн дэмжлэг олгох нөхцөлтэй уялдуулжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилан тогтвортой хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг баталж өөр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулахаар заасан байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд төрөөс үзүүлж байгаа дэмжлэгийг оновчтой болгох, чанар, бүтээмжтэй уялдуулах зорилгоор нийт дэмжлэгийн хэмжээ, эдийн засгийн өгөөжийг тооцдог байх харилцааг хуульчлахаар тусгажээ.


Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан БНХАУ, ОХУ, Япон, Авсрали зэрэг гадаад орны туршлага, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний тайлан, дүгнэлттэй танилцаж, зохицуулалтын харилцааг харьцуулан судалсан гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


関連ニュース