Трампын засаг захиргаанаас гарч байгаагаа И.Маск мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-29 15:04:13

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 29 /DW/. Төрийн албаны ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа Илон Маск Х нийгмийн сүлжээнд пүрэв гарагт шилжих шөнө мэдэгджээ.  


“Засгийн газрын тусгай ажилтнаар ажиллах хугацаа маань дуусаж байгаа бөгөөд үр ашиггүй зардлыг бууруулах боломжийг надад олгосон Ерөнхийлөгч Д.Трампад талархаж байгаагаа илэрхийлье” гэж тэрбээр бичсэн байна.


Мөн өөрийнх нь удирдаж байсан засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлаг (DOGE) цаашид амжилттай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ. 


И.Маск Трампыг шүүмжилжээ

И.Масктай хийсэн ярилцлагынхаа хэсгийг CBS телевиз Х сүлжээнд өчигдөр нийтэлжээ. Уг ярилцлага зургаадугаар сарын 1-ний ням гарагт цацагдах юм. И.Маск хэлэхдээ, Д.Трампын санаачилсан “томоохон, гайхалтай сайхан” хуулийн төслүүдийг шүүмжлээд, эдгээр төсөл нь төрийн зардлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэхдээ "асар их зардалтай уг хуулийн төслийг хараад урам хугарсан" гэжээ. 


"Миний бодлоор аливаа хууль том эсвэл гайхалтай сайхан байж болно. Гэхдээ том атлаа гайхалтай байж болно гэдэгт би эргэлздэг" гэж И.Маск ярьжээ. "Том бөгөөд гайхалтай сайхан" гэдэг нь татварын хөнгөлөлтийг сунгах, цэргийн зардлыг нэмэгдүүлэх, хилийн хамгаалалтыг бэхжүүлэх, хууль бус цагаачдыг албадан гаргах тухай хуулийн төслүүдийг хэлж байгаа ажээ. 

関連ニュース