УВС: Хяргас нуур хамгийн гүнзгий хэсэг нь 80 метр хүрдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хяргас нуур нь Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин,
Хяргас сумын нутагт Ханхөхийн нурууны урд хэсэгт оршдог.
Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин
километр, хамгийн урт нь 75 километр, өргөн нь 31 километр, дундаж өргөн нь 19
километр. Усны мандал нь далайн түвшнээс дээш 1028 метр өндөрт оршино. Хяргас
нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам хэрчилт ихтэй. Тиймээс хэд
хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын
шугам бөгөөд 7 километр байдаг бол Чацарганы шугам нь 4 километр, Могойн шугам
нь 5 километр байдаг.
Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл
гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас
нуур нь гүн, эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй
томд тооцогдоно. Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур
бөгөөд Алтай хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх
голын төгсгөл болно. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны
баруун хажуугаас эх авсан гол горхиуд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар
дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор
Хяргас нуурт цутгана.
Хяргас нуур нь гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Айраг нуурыг Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно.
Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий. Дотор өвчин анагаах рашаан байхаас гадна шаврыг нь эмчилгээнд хэрэглэдэг.