Зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, авто зогсоол, ногоон байгууламж болгож тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-06 09:07:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэг дэх АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тухайн газрыг авто зогсоол, ногоон байгууламж болгож тохижуулна.


Баянгол дүүргийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг АШУҮИС-ийн төв эмнэлгийн талбайд авто зогсоол байхгүй учир түргэний тэрэг орж гарахад хүндрэлтэй байдаг. Үйлчлүүлэгчид машинаа авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулан, орц гарц хааж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл тулгардаг тул эмнэлгийн хойно, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэг иргэдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Тэд эл газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрх аваагүй тул газрыг чөлөөлнө. Шаардлагатай гэвэл энэ хавийн оршин суугчдад зориулж давхар зогсоол хийхээр аж ахуйн нэгж санал тавьбал хамтарч ажиллах боломжтой” гэжээ.


АШУҮИС-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар “Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 50 ортой, амбулаторийн үзлэгээр өдөрт 350-400 хүн үйлчлүүлдэг. Эдгээр гараашийг чөлөөлбөл эмнэлгийн өргөтгөл барьж, хэвтэн эмчлүүлэх ор нэмэх боломжтой. Дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлснээр төв эмнэлгийн ачааллыг багасгах давуу талтай” гэлээ.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 1500 гарааш буулгах ажил 60 орчим хувьтай үргэлжилж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 


АШУҮИС нь Монголд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог анхлан бий болгож байгаа бөгөөд одоогоор найман салбар эмнэлэгтэй. АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Австрийн Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хүрээнд сүүлийн үеийн ходоод гэдэсний дуран, компьютер томографтай болжээ. Мэс заслын тасагтай бөгөөд хүүхдийн эмчилгээний тасаг нээхээр төлөвлөж, тусламж, үйлчилгээгээ улам өргөжүүлж байгаа аж.

関連ニュース