Татварын хөнгөлөлт дөрвөн салбарын 4700 аж ахуй нэгжид үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-07 13:45:05

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Аж ахуй нэгжүүдийг ажил үйлчилгээгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй. Татварыг 90 хувь бууруулна гэж байхаар нэг мөр тэглэчих хэрэгтэй. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ дээр хаалттай сонсох хэрэгтэй. Би ч гэсэн ижил мэдээлэлтэй болмоор байна. Монголын ард түмэнд энэ дүгнэлтээ ил болгох хэрэгтэй” гэхэд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, “С.Эрдэнэ гишүүн татварын хэмжээг тэглэх тухай ярьж байна. Аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзаж ярилцахад өөрсдөө татвар бууруулах асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй үед тэргүүлж яваа салбарын аж ахуй нэгжийнхээ татварыг нь хөнгөвчилье гэж үзсэн. Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой өмнөх Засгийн газрын протоколууд нууцад байсныг ил болгосон. Хууль бус үйл ажиллагаа явуулсан бол буруутай хүмүүс нь хариуцлагаа хүлээх хэрэгтэй” хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Болд, “Нэг хувийн татвар гэж ямар татвар байдаг юм бэ. Үүгээр хэдэн төгрөг төвлөрүүлэх юм. Яагаад дөрвөн салбарт татварын хөнгөлөлт үзүүлж байгаа юм бэ. Бүгдийг нь хөнгөлөхөөр хэдийг алдах гээд байгаа юм. Яагаад та нар хийж байгаа ажлаар нь аж ахуй нэгжүүдийг ялгаварлаж байгаа юм бэ. Ингэж байхаар тэглэ. АН-ын үед бүх компаниуд 10 хувиа төл. Жижиг компанид 90 хувийг нь буцаагаад өгье гэж байсан. Та нар сонгуулийн өмнө ард түмнийг хуурч байна” гэсэн асуудлыг хөндөхөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Аж ахуй нэгжүүдээ ялгаварлах асуудал энд байхгүй. Татварын шатлал өмнө байсан. Нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж одоогийн хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү хуулийн төслийг өмнө нь манай намын гишүүд санаачилж байсан ч танай намын үед хуулийн төслийг хэлэлцээгүй. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан.  Нийт 4700 аж ахуй нэгжид хууль үйлчилнэ" гэсэн тайлбар хийв.

харин УИХ-ын гишүүн Сарангэрэл, “Энэ хуулийн төслийг манай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Энэ хүрээнд Засгийн газар хуулийн төслөө оруулж ирсэн. Миний хувьд аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа задалж болзошгүй гэсэн байр суурьтай байна" гэсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 69.8 хувийн саналаар дэмжих зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

関連ニュース