Леброн Жэймсийн ном худалдаанд гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн спортын хамгийн агуу тамирчдын нэг, “Хаан” хэмээн нэрлэгддэг Леброн Жэймс бол спорт төдийгүй амьдралдаа ч хаан шиг байж чаддаг гайхалтай нэгэн.
NBA-ийн дөрвөн удаагийн аварга, улирлын тоглолтын дөрвөн удаагийн “Үнэ цэнтэй тоглогч”, шигшээ цувралын дөрвөн удаагийн “Үнэ цэнтэй тоглогч”, Бүх оддын тоглолтод 19 удаа сонгогдсон, олимпын хошой аварга, бүх цаг үеийн онооны лидер тэрбээр гойд авьяастай тамирчин төдийгүй сайн аав, сайн хүү, сайн анд нөхөр, нийгмийн тулгамдсан асуудалд дуу хоолойгоо хүргэдэг нөлөөтэй нэгэн гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид мэдэх билээ.
Түүний амьдрал бүхэлдээ ширүүн тэмцэл бөгөөд оргүй хоосноос хүрч болох хамгийн дээд оргилдоо хүрсэн нэн сургамжтай түүх юм.
Акронд төрж өссөн ганцаардмал хүү хэрхэн сагсан бөмбөгийн
спортын агуу тамирчин, тэрбумтан болсон сэтгэл хөдөлгөм түүхийг Монголын спорт
сонирхогчид эх хэлээрээ унших боломжтой болжээ. Тодруулбал, зохиолч Жефф Бенедиктийн
бичсэн “Леброн” намтарчилсан номыг орчуулагч Л.Оюу-Од эх хэлнээ хөрвүүлэн спорт
сонирхогчдодоо бэлэг барьж байна. Энэ сарын 30-наас худалдаанд гарах тус номын
үнэ 49900 төгрөг ажээ.