Латин формейшн бүжгийн ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-18 14:44:28

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах Хонконгийн “Queen Elizabeth Stadium”-д эхэллээ. Тус тэмцээнд найман орны 12 шилдэг баг оролцож байгаа юм.


Тодруулбал, Монгол, Герман, Австри, Тайваниас тус бүр хоёр, Нидерланд, Хонконг, Унгар, Украинаас тус бүр нэг баг ДАШТ-д өрсөлдөнө. Манай улсаас өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга “Moon dance”, IV байрын шагналт “Star” хамтлаг оролцож байна. Энэ жилийн ДАШТ-д Азиас таван баг оролцож байгаагийн гурав нь анх удаа өрсөлдөж буй. Тус тэмцээнд дэлхийн 11 удаагийн аварга Германы “Gold Bremen” хамтлаг 12 дахь удаагаа түрүүлэхээр Хонконгт ирсэн байна.


Дэлхийн дэд аварга “Moon dance” хамтлагийн хувьд дөрвөн жил дараалан хагас шигшээд шалгарсны эцэст өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн бол энэ удаа “CHESS: It's a game of minds - The next move” үзүүлбэрийг толилуулахаар бэлджээ. Star” хамтлагийн хувьд "Мөнхийн зүрх цохилох" нэртэй үзүүлбэр бэлдсэн бөгөөд эх орондоо бэлтгэлээ базааж байгаад хоёр хоногийн өмнө Хонконгийг зорьсон. Харин “Moon dance”-ийн хувьд БНХАУ-д 10 хоногийн вакумжсан бэлтгэл хийсэн юм.


Яг одоо урьдчилсан шатны тэмцээн болж байгаа бол 17:00 цагт хагас шигшээ, улмаар 20:00 цагт финалын тоглолт болсноор медальтнууд тодорно. 


関連ニュース