Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-13 14:51:41

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувь хямдруулж олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үүрэг болгов.


Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.


Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 хувьд их, 25 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол таван хувьд бага эрсдэлтэй гарчээ. Зудын байдалд үнэлгээ хийхэд мөн өдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум, Улаанбаатар хотын алслагдсан нэг дүүрэг зудархуу нөхцөлд байна. Манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах зэргээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгаа аж.

関連ニュース