БСШУСБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг сонгохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд, тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүлсэн байна. Бүлгээс гаргасан танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Иймд УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаан оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.