Н.Пандор: Гадаад хэргийн эмэгтэй сайд нар Өмнөд Африкт ч бас чуулаасай гэж хүсэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжиллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Азид, тэр дундаа Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан энэ арга хэмжээнд оролцсон төлөөлөгчид феминист гадаад бодлогын сайн туршлагаасаа танилцуулж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоо, гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Нээлтийн ажиллагаанд Андорра Улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд, феминист чиг баримжаатай гадаад бодлого баримталдаг Япон, БНСУ, Люксембург зэрэг улсын Гадаад хэргийн сайд нар, НҮБ-ын эмэгтэй өндөр албан тушаалтнууд цахимаар оролцон, мэндчилгээ дэвшүүлэв. Мөн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хигийн мэндчилгээг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нь уншиж уламжиллаа.
Олон орны эмэгтэй дипломатчид нэгэн дор чуулж дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудад бидний хүлээх үүрэг, гүйцэтгэж чадах ажил, санаа тавьж шийдэх асуудлууд юу байгаа, үүний тулд хэрхэн хамтрах, яаж хүчээ нэгтгэх вэ гэдгээ нээлттэй ярилцсан томоохон арга хэмжээ боллоо. Онцлох олон зочин эмэгтэй сайд төлөөлөгчид уулзалтад ирсэн бөгөөд тэдний хувьд энэ үйл ажиллагааг ихэд сайшааж, цаашид тогтмол зохион байгуулж байх санал ч гаргаж байсан юм.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын нэгэн онцлох зочин нь Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор байлаа. Тэрбээр,
-Гадаад хэргийн эмэгтэй сайд нар цуглаж албан ёсны хурал хийх явдал үнэхээр хамгийн чухал, хүлээгдэж байсан зүйл. Энэ ажлыг зохион байгуулах нь өөрөө их үр дүнг авчрах том ажил байлаа. Ингэснээр бид бусад орны сайн туршлагаас хуваалцаж, энэ салбарт хэн, хаанах юу хийж хэрэгжүүлж байгааг мэдэх боломжтой.
Цаашлаад дэлхий нийтээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эмэгтэйчүүдийн хамтын хүчийг бэхжүүлж байна. Энэ чуулга уулзалтад олон улсын жендэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгэн зорилготой, чухал дээд түвшний ажил эрхэлдэг, хамтаар ажиллах чадвартай хүчирхэг эмэгтэйчүүд цугларлаа.
Миний хувьд тууштай байдлыг эрхэмлэдэг. Тийм ч учраас энэ арга хэмжээг бид тууштайгаар үргэлжлүүлж, цаашид тогтмол уулзаж хуралдаж байх хэрэгтэй гэж үзэж байна. Энэхүү форумыг зохион байгуулах болсон нь онцгой содон бөгөөд ихээхэн чухал ажил болж чадлаа. Тэгэхээр цаашдаа энэхүү уулзалт бусад орнуудад ч зохион байгуулагддаг болоосой, мөн манай Өмнөд Африк улсад ч гэсэн болоосой гэж хүсэж байна. Эмэгтэйчүүд бид дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг арилгахын тулд хамтран нэгдэж чадна гэж бодож байна гэлээ.