III Чарльз ба Их Британийн хаадын эрх мэдэл
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын хаан III
Чарльзыг албан ёсоор хаан сэнтийд залах төрийн их ёслол өнгөрсөн бямба гарагт
өргөн дэлгэр болж, түүнд дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүн нар, тэдний
дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт оролцлоо.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард Хатан хаан II Элизабета таалал
төгссөний дараа түүний ууган хүү Уэльсийн хунтайж Чарльз Филипп Артур Жоржийг Их Британийн 40 дэх хаанаар
өргөмжилсөн билээ. Өдгөө 74 настай түүний хувьд хамгийн өндөр настайдаа хаан ширээнд заларч буй эрхэм болж байна.
Тэрбээр бямба гарагт Их Британийн хааны титмийг зүүснээр
албан ёсоор Австрали, Антигуа ба Барбуда, Багамийн арлууд, Белиз, Гренада,
Канад, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Сент-Винсент ба Гренадина, Сент-Китс ба
Невис, Сент-Люсия, Соломоны арлууд, Тувалу, Ямайк гэсэн 14 тусгаар тогтносон
улсын хаан болж байна.
Үүний зэрэгцээ III Чарльз хаан 53 улсыг эгнээндээ нэгтгэсэн Хамтын
нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ. Уг албан тушаал
нь бэлгэдлийн шинжтэй тул шинэ хаан
гишүүн орнуудын дотоод засаглалын үйл ажиллагаанд шууд оролцохгүй.
Хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг улсуудын ихэнх нь Британийн колонийн
захиргаанд байсан бол Руанда, Мозамбик гэсэн хоёр улс Британитай түүхэн хэлхээ холбоогүй боловч уг
нөхөрлөлд гишүүнээр элсжээ.
Хамтын нөхөрлөлийн тэргүүний хувьд Их Британийн хаан хоёр
жил тутамд нэг удаа гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нартай уулзаж, улс
төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцдаг ажээ.
Хэдийгээр Британийн хаадын эрх мэдэл нь хязгаарлагдмал, бэлгэдлийн шинжтэй мэт боловч
бодит байдал дээр хүмүүсийн төсөөлдгөөс илүү өргөн хүрээнд хэрэгждэг байна.
Ерөнхий сайдыг томилж, дуудаж уулзана
Английн Ерөнхий сайдын нэрийг Лордуудын танхимаас дэвшүүлдэг
боловч түүнийг албан ёсоор томилдог хүн бол Хаан юм. Гэхдээ III Чарльз хаан
засгийн газрын тэргүүнийг өөрөө шийдэж сонгох эрхгүй бөгөөд сайд нарын
кабинетын шийдвэрийг удирдлага болгох ёстой. Энэ бол Хаан ба хатан хаан “намуудын улс төрийн бодлогоос хол
хөндий байх ёстой”
гэсэн дүрэмд захирагдаж буй хэрэг юм. Ихэнх тохиолдолд сонгуулийн дүнгээр
Нийтийн төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал авсан улс төрийн намын
дарга нь Ерөнхий сайдаар томилогддог.
Засгийн газрын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг Хаан
мэдэж байх ёстой учраас тэрбээр Ерөнхий сайдыг дуудаж ярилцах эрхтэй. Уулзалтын үеэр Хааны зүгээс засаглалтай холбоотой
асуудлаар өөрийн санал бодлыг илэрхийлж болно. Гэхдээ энэ нь “улс төрийн асуудлаар төв
голч байр суурьтай байх ёстой” гэсэн Хааны үүрэгт харшлахгүй. Хаан, Ерөнхий
сайд хоёрын уулзалтыг
“хувийн шинжтэй уулзалт” гэж үздэг тул энэ талаарх мэдээлэл маш нууцын
зэрэглэлд хамаарна.
Лордуудын танхимын гишүүдийг томилно
Британийн парламентын дээд танхим буюу Лордуудын танхимын
гишүүдийн нэрсийг Ерөнхий сайд баталсны дараа тэднийг Хаан томилдог. Тэрбээр бизнес, соёл, шинжлэх ухаан, спорт, хууль эрхзүй, боловсрол, эрүүл
мэндийн салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадах нэр дэвшигчдийг сонгоно. Лордуудын танхим нь Нийтийн
төлөөлөгчдийн танхимтай хамтран, татварын тогтолцоотой холбоотой хуулиас бусад
бүх хуулийг хэлэлцэх, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.
Дээд шүүхийн гишүүдийг томилно
Их Британийн шүүхийн дээд байгууллага бол Дээд шүүх бөгөөд
бүхий л эрхзүйн асуудлаар, тухайлбал хуулийг тайлбарлах, парламент ямар хуулийг
хэлэлцэх ёстой вэ гэдэг талаарх эцсийн шийдвэрийг гаргадаг. Төрийн чухал
шийдвэрүүдийг гаргадаг шүүгчдийг Хаан томилно. Томилгоог хийхийн өмнө Их Британийн
Хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг улс тус бүрээс томилогдсон, эрхзүйн асуудлаар
мэргэшсэн шинжээчдийн бүлгээс Хаанд зөвлөмжүүд бэлтгэн хүргүүлнэ.
Жил бүр парламентын үйл ажиллагааг нээж, хаана
Уламжлал ёсоор Их Британийн хаан парламентын үйл ажиллагааны нээлтэнд оролцдог ажээ. Хатан хаан II Элизабета 70 жилийн турш төр барихдаа хүндэтгэх шалтгаангүйгээр нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцоогүй тохиолдол үгүй. Тэрбээр жирэмсний хожуу үедээ өөрийн энэ үүргийг бусад хүмүүст даатгаж байжээ.
Хаан ба Хатан хаан улс төрийн асуудлаар төв голч, төвийг сахисан байр суурьтайбайх ёстой.
Энд нэг сонирхолтой зүйлийг дурдахад, парламентын гишүүдийн
бэлтгэсэн үгийг Хаан унших бөгөөд энэ нь цаашид өрнөх мэтгэлцээний эхлэл болж
өгдөг байна. Учир нь, Хаан ба Хатан хаан улс төрөөс ангид байх ёстой бөгөөд
парламентын үйл ажиллагааны нээлтэд зориулан хэлэх үг нь улс төрийн утга агуулгатай
байх нь олонтоо.
Зэвсэгт хүчнийг командална
III Чарльз хаан бол Их Британийн зэвсэгт хүчний ерөнхий
командлагч юм. Түүний зөвшөөрөлгүйгээр тус улсын цэргийг хилийн чанадад болж
буй ажиллагаанд оролцуулж болохгүй.
III Чарльз залуудаа Хатан хааны агаарын цэргийн ба Тэнгисийн цэргийн хүчний ангиудад алба хааж байсан бөгөөд Хатан хааны гэр бүлийн
гишүүдийн дотроос цэргийн алба хаасан цөөн хүмүүсийн нэг ажээ. Тухайлбал,
Хатан хаан II Элизабета
1945 онд цэргийн туслах хүчинд алба хааж байсан бол хунтайж Филипп тэнгисийн
цэргийн офицер байв. Мөн Чарльз хааны хүү, хунтайж Уильям агаарын цэргийн
хүчний ангид алба хааж, хунтайж Харри Хатан хааны цэргийн академийг
төгссөнийхөө дараа Афганистанд алба хааж, ахмад цолтой болжээ.
Нууц зөвлөлийн гишүүдийг томилно
Нууц зөвлөл нь хилийн чанад дахь Британийн харьяа нутаг
дэвсгэрт хууль эрхзүйн актуудыг түгээх, Хааны хартийг хүлээлгэн өгөх, тушаал
захирамжуудыг гаргах гэх мэт хэд хэдэн үүргийг хүлээдэг. Түүнчлэн албан
үүрэгтэй нь холбоотой асуудлуудаар Хаанд зөвлөгөө өгдөг. Тухайлбал, ямар онцгой
давуу эрхүүдийг Хаан ашиглаж болох вэ гэх мэт. Нууц зөвлөлийн гишүүдийг Хаан
томилох ба ингэхдээ Ерөнхий сайдын өгсөн зөвлөмжүүдийг харгалзан үзнэ. Тус зөвлөлийн хуралдаан Хааны үзэмжээр сард нэг удаа явагдах ба энэ үеэр зөвлөлөөр хэлэлцэж
баталсан тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг Хаанаас авах ёстой.
Хуулийг батална
Британийн парламент бие даан хуулийг баталж, түүнд нэмэлт
өөрчлөлт оруулж, цуцлах эрхтэй боловч тухайн хууль эрхзүйн актад Хаан гарын
үсэг зурсны дараа л хүчин төгөлдөр болдог. Хэдийгээр Хаан ба Хатан хаан улс төрийн тал
дээр төв голч, төвийг сахисан байр суурьтай байх ёстой боловч хуулийн төслийг батлах эсвэл хориг тавих давуу эрхийг эдэлдэг.
Гэхдээ түүхэн уламжлалыг харвал, эрхзүйн баримт бичигт гарын үсэг зурах нь
цэвэр бэлгэдлийн шинжтэй байсаар иржээ. Тодорхой хэлбэл, 1708 оноос хойш
Британийн хаад парламентын баталсан хуульд хориг тавьсан тохиолдол гараагүй
байна. Тэр ч бүү хэл хаад ба хатан хаад хуулийг зөвшөөрсөн гэдгээ илэрхийлэхийн
тулд өөрийн биеэр парламентад хүрэлцэн ирж байгаагүй гэнэ.
Англикан сүмийн тэргүүн
III Чарльзын албан ёсны цол хэргэм бол “Их Британи, Умард
Ирландын ба бусад хаант улсууд, харьяа нутаг дэвсгэрүүдийн Хаан, Хамтын
нөхөрлөлийн тэргүүн, сүсэг бишрэлийг хамгаалагч III Чарльз” юм.
“Сүсэг бишрэлийг хамгаалагч” хэмээх сүүлчийн үг нь 1534 оноос
хойш Их Британийн Хаан сэнтийд суусан хүмүүс англикан сүмийн тэргүүн байсаар
ирснийг илтгэнэ. Тодорхой хэлбэл, Ерөнхий сайдын зөвлөсний дагуу III Чарльз хаан хамба лам, ширээт лам
нарыг томилдог гэсэн үг.
Рыцарь цол олгоно
Британийн хаант улсын мянган жилийн түүхэнд хаандаа үнэнч
шударгаар зүтгэсэн хүмүүст шан харамж болгож алт болон эдлэн газар олгож байжээ. Харин өнөө үед албан ёсоор рыцарь цол олгодог болсон байна.
Үүний тулд Ерөнхий сайд хэргэм олгох
тухай өөрийн зөвлөмжийг Хаанд
хүргүүлэх ба тухайн
хүн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд түүнд рыцарь цол олгохыг Хаан зөвшөөрөн баталдаг. Олны танил хүмүүсийн
дотроос Шон Коннери, Элтон Жон нар уг эрхэм цолыг хүртэж
байжээ.
Хуулиас дээгүүр хаан
Шүүхийн мөрдлөгөөс ангид байх халдашгүй дархан эрхтэй буюу “хуулиас дээгүүр” цорын ганц хүн бол Хаан юм. Бүдүүн тоймоор хэлбэл, ямар ч хуулийг зөрчиж болно гэсэн үг. Хаан ба Хатан хааныг хуулийн
хариуцлагад татаж болохгүй, иргэний ба эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй, гэрчийн
хувиар шүүхэд дуудаж болохгүйгээс гадна мэдээллийн эрх чөлөөний тухай хууль
түүнд үйлчлэхгүй. Жишээ нь, III Чарльз хаан жолооны үнэмлэхгүй хэрнээ автомашин
жолоодож болох ба улсаас түүнд олгосон автомашин дээр тээврийн
хэрэгслийн дугаарыг
заавал тавих албагүй.
Мөн хурд хэтрүүлсэн тохиолдолд ямар нэгэн торгууль шийтгэл хүлээхгүй.
Түүнчлэн орлогын албан татвараас чөлөөлөгдөнө, гэхдээ 1992 онд Хатан хаан II Элизабета энэ давуу эрхээсээ татгалзаж, таалал төгсөх хүртлээ бусад иргэдийн адил татвараа төлсөөр иржээ.
Хааныг ингэж хуулиас дээгүүр тавьж өргөмжлөх болсон шалтгаан нь
“Бурханаас томилсон эзэн хаан буруу үйлдэл хийх ёсгүй” гэх эртний Британийн
эрхзүйн зарчмаас үүдэлтэй ажгуу. Иймээс яллагдагчийн эсрэг шүүхийн шийдвэрийг Хааны нэрийн өмнөөс уншдаг байна.
Хэдийгээр Их Британийн дотоод, гадаад бодлогод томоохон өөрчлөлт гарч, дэлхийд хоёр их дайн
болж, хаадууд солигдсоор ирсэн боловч тус улсын улс төрийн тогтолцоо хэзээ ч
сууриараа өөрчлөгдөж байгаагүй юм.
Хаант засаглал нь төрт ёсны уламжлал болон хувирч, “ариун шударга
тогтолцоо” гэсэн нэр хүндээ хадгалсаар ирсэн тул Британийн төр залгамж чанартай, тогтвортой байдаг гэсэн итгэл үнэмшил
жирийн иргэдэд тогтсон байдаг.
III Чарльзыг хаан сэнтийд залснаар ирээдүйд хаант засаглалын гүйцэтгэх үүрэг, сүр хүч нэмэгдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах болно. Нэгэнт
тогтсон хатуу чанд дэг журам нь шинэ хааны эрх мэдэл, үйл ажиллагааг хязгаарлах
боловч дээр дурдсан олон эрхийг эдлэх III Чарльзын хувьд Британийн улс төрийн
амьдралд Хатан хаан II Элизабетагаас илүү үүрэг гүйцэтгэж чадна гэж ажиглагчид
дүгнэж байна.