2022 он: Монгол Улсыг сурталчилсан онцлох 9 үйл явдал
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улирч буй 2022 онд Монгол Улсыг сурталчилсан онцлох үйл явдлуудыг МОНЦАМЭ агентлаг нэрлэж байна.
1. Их эзэн Чингис хааны суу алдраар бахархан хүндэтгэл үзүүллээ
Хүн төрөлхтний түүхэн дэх аугаа удирдагч, мянганы суут хүмүүнээр тодорсон Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой 2022 онд тохиож, монгол туургатнууд нийтээрээ их хаандаа хүндэтгэл үзүүлж, суу билэг, сургааль гэрээслэлээр нь бахархан тэмдэглэлээ.
Чингис хаан бол дэлхий нийтэд эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэгч, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан, дипломат ёс зэрэг олон салбарыг хөгжүүлэгч, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавигч суут хүмүүн хэмээн хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Монголчууд бид Их эзэн Чингис хааныхаа төрсөн нутаг, дэлхийн монголчуудын гал голомтыг сахин суугаа хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг хүлээсэн, эзэн хааныхаа үлдээсэн их өвийг хайрлан хамгаалж, сурвалжлан судалж, түгээн дэлгэрүүлэхэд хэн бүхнээс илүү сэтгэл зүрх, хичээл зүтгэл гаргах учиртай ард түмэн юм. Энэ агуулгаараа 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Их эзэн Чингис хааны эш хөргийг айл гэр, албан байгууллага бүр дээдлэн залахыг уриалж, “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан Олон улсын Чингис хаан судлалын холбоог байгууллаа. Мөн Ази тивдээ эхний 10-т тооцогдох, 12 мянга орчим хосгүй үнэт үзмэртэй “Чингис хаан” хаад, язгууртны музейг 10 дугаар сард ашиглалтад оруулсан юм.
Түүнчлэн Монгол төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Чингис хааны мэндэлсний 860 ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан академич Д.Доржготов болон АНУ-ын иргэн доктор, профессор Жак Уэтерфорд нарт хүртээсэн бөгөөд Жак Уэтерфорд нь энэхүү шагналыг хүртсэн анхны гадаад хүн болов. Тэрбээр 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, дэлхий дахинаа монгол хүн, монгол үндэстнийг ойлгож, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан хүн бөгөөд түүнийг ийн хүндэтгэсэн явдал нь гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монголын төрөөс дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл боллоо.
Их эзэн Чингис хааны 860 жилийн ойн хүрээнд Монголын төрийн хэмжээнд гарсан шийдвэрүүд нь цаашид монголчууд их хааныхаа түүх, судлал, түүгээр дамжуулан монгол судлалын гол арга хэмжээнүүдийг голомт улсын хүрээлэлд төвлөрүүлж, эх түүхээ өөриймшүүлэх эрхэм зорилго бүхий бодлогын чухал ач холбогдолтой байв.
2. Гадаад харилцааны идэвхжилт ба өндөр дээд түвшний айлчлалууд
2022 он бол Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд идэвхжин сэргэсэн жил байлаа.
Дэлхий даяар цар тахал бүрэн дарагдаагүй, геополитикийн амаргүй цаг үе байсан ч НҮБ болон дэлхийн нөлөө бүхий улс орнуудын удирдагчид, өндөр дээд албан тушаалтнууд Монгол Улсад ойр ойрхон айлчилсан явдал бол дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудаас манай улсад үзүүлсэн хүндэтгэл гэж монголчууд хүлээн авч байна.
Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жилийн ой тохиож буй энэ онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа “Монгол бол цөмийн зэвсэггүй бүс нутаг учраас айлчилж байгаа” гэдгээ дэлхий дахинд онцлон зарлалаа. Ноён Гутеррешийн айлчлал нь цөмийн зэвсгээс ангид улс гүрэн байхын нэр хүнд, үүрэг оролцоо өндөр байдаг гэдгийг харуулсан үйл явдал байв.
Дэлхийн улс орнууд цар тахлын улмаас зогсонги байдалд орсон эдийн засгаа сэргээхийн тулд юуны түрүүнд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээн идэвхжүүлж, шинэ түвшинд гарган хөгжүүлэхээр чармайж байна. Монгол Улс ч мөн адил энэ чиглэлд онцгой анхаарч хөрш орнууд болон гуравдагч хөрш орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж байгаа билээ. Үүний илрэл бол 2022 онд Япон Улс, БНПУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд нар, АНУ-ын Төрийн департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга, Таиландын Хаант улсын Шадар сайд нар Монгол Улсад айлчилсан явдал мөн.
Түүнчлэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюри нар айлчилсан нь Монгол-Хятад, Монгол-Канадын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээлээ. Мөн Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож буй энэ онд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон нь онцлох үйл явдлуудын нэг байв.
Үүний сацуу Монголын талаас хоёр хөрш болон гуравдагч хөршүүд, түнш улсуудад хийж буй өндөр дээд хэмжээний айлчлалуудын давтамж нэмэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ, Япон Улсад төрийн айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган, ШХАБ-ын чуулга уулзалт, уур амьсгалын асуудлаарх COP27 чуулганд оролцсон бол УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан ёсны, БНСУ-д ажлын айлчлал хийлээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-д ажлын айлчлал хийж, Бээжин хотноо болсон өвлийн XXIV олимпын тоглолтын нээлт, Владивостокын Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Ерөнхий сайд мөн Сингапур, ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн ба Их Британийн Хатан хаан II Элизабет, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцож, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэлээ.
Гадаад харилцааны салбарт 2022 онд тохиосон энэхүү идэвхжилт нь Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэсэн зорилго, зорилтууд амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл юм.
3. Их хаандаа үзүүлсэн эрхэм дээд хүндэтгэл “Чингис хаан” хаад, язгууртны музей
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд монголчууд эрхэм дээд хүндэтгэлээ илэрхийлсний илрэл бол 2022 оны 10 дугаар сард нээлтээ хийсэн “Чингис хаан” хаад язгууртны музей байлаа.
Энэхүү музей нь Монгол Улсын нийгэм, соёлын салбарт сүүлийн 30 жилд хийсэн хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг болж байна. Түүнчлэн уг музей Ази тивдээ эхний 10-т тооцогдох, эх үзмэрийнхээ эзлэх хувиар хосгүй, аюулгүй байдал, дохиолол хамгаалалт, хадгалалт хамгаалалтын хамгийн орчин үеийн шийдэлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан нүүдлийн иргэншлийн цогц түүхийг харуулж чадахуйц болсноороо онцлог юм.
“Чингис хаан” музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм. Тус музейн барилгын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын стандартын дагуу барьснаас гадна дэлхийд өргөнөөр ашиглаж буй AR (Augmented reality), VR (Virtual reality) технологийг нэвтрүүлсэн байна. Энэ нь технологийн өндөр дэвшлийг бий болгож, өнгөрсөн зууны түүхийг өөрийн нүдээр гар утсан дээр харах боломжийг олгож байна.
4. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа дахь Монгол Улсын оролцоо-20 жил
2022 онд Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиолоо.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд 2002 оноос хойш 20 жилийн хушацаанд олон улсын түвшинд энхийг сахиулахаар хүлээсэн үүргээ биелүүлж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Йемен, Сьерра Леон, Чад зэрэг 7 улсад давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсэн байна. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, 911 эмэгтэй энхийг сахиулагч эмэгтэйчүүд илгээсэн үзүүлэлтээрээ 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 16-18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Олон улсын түвшинд Монгол Улсын энхийг санхиулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ энхийг сахиулагчидтай уулзахдаа "Монголын түүх бол Монгол цэргийн түүх гэдэгтэй санал нийлж байна. Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн, тэр дундаа Монголын энхийг сахиулагчид бусад орнуудын энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдлаа. Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг юм байна" хэмээн онцолсон юм.
5. URECA-Дэлхийн асуудлыг шийдвэрлэхийг зорьсон Монгол залуусын санаачилга
URECA. Энэ бол Монгол залуучуудын байгуулсан уур амьсгалын технологийн гарааны компани юм. URECA. Уг нэр нь Universal Renewable Energy Certificate Accreditor үгийн товчлол бөгөөд “Eureka” (Олчихлоо) гэсэн утга бүхий эртний Грек үгээс санаа авчээ.
Сингапурт төвтэй тус компани нүүрстөрөгчийн дүйцүүлэлтийн системийг (Carbon Offsetting) хүн бүрд хүртээмжтэй түгээх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний баталгаажуулалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэн, харилцагч талуудыг холбох зах зээлийг бэлдэж байна. Тэдний үйл ажиллагааг илүү тодруулбал:
-REC (Renewable Energy Certification/Сэргээгдэх эрчим хүчний сертификатжуулалт)
-Enterprise Solution (Аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зөвлөх үйлчилгээ)
-Carbon Credit Marketplace (Төсөл хэрэгжүүлэгч болон карбон кредит худалдан авагчдыг холбох гүүр-карбон кредитэд хөрөнгө оруулах боломж) зэрэг үйлчилгээг үзүүлдэг Монгол залуусын хүн төрөлхтөний хүчин мөхөсдөөд буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санаачлан хэрэгжүүлж технологийн бизнес юм.
Одоо тус компани нүүрстөрөгчийн кредитийн арилжааг явуулах URECA платформыг олон улсад нээхээр зорин ажиллаж байна. Тэд платформд байршуулах төслүүдээ өөрсдөө нягталж, сонгон шалгаруулдаг зарчимтай бөгөөд нүүрсхүчлийн кредитийг зөв ашиглаж чадвал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн өндөр нөлөө үзүүлж, үр дүнг гаргах боломжтой хэмээн тооцоолжээ. Тиймээс URECA нүүрстөрөгчийн кредитийн зах зээлийг нэвтрүүлж байгаа аж. Нүүрстөрөгчийн кредитийн тогтолцоо нь 1997 онд Киотогийн протокол хүчин төгөлдөр болсноос хойш 25 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж байгаа тогтолцоо юм. Гэхдээ урьд өмнө нь URECA шиг олон нийтийг хамарсан платформ байгаагүй, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүмүүс олон байдаг ч хэрхэн, юу хийхээ мэддэггүй, нэгдэж чаддагүй байжээ. Энэ орон зайг URECA нөхөх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, URECA-аар дамжуулан дэлхийн хаанаас ч ямар ч хүн сонирхсон төслөө дэмжих, түүгээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулах (climate investing) боломжтой. Зөвхөн Монгол биш дэлхий даяар хэрэгжиж буй үр өгөөжтэй төслүүдийг цуглуулан байршуулах юм.
Түүнчлэн URECA өрхийн түвшний дижитал баталгаажуулалт хийх хүрээнд Азийн сангийн санхүүжилтээр дэлхийд анх удаа өрхийн түвшинд нүүрстөрөгчийн кредитийг хиймэл оюун ухаан ашиглан баталгаажуулж, блокчейн дээр бүртгэж буй туршилтын төслийг “Гэр Өргөө” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Мөн НҮБ дүрвэгчдийн сан (UNHCR), Перугийн ой хамгааллын төслүүд, Кени, Конго улсын төслүүдтэй хамтран ажиллах яриа хэлэлцээ хийж байна.
6. Морин хуурын чуулга Японы алдарт "Эн-Эйч-Кэй" их танхимын тайзнаа
Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд Морин хуурын чуулгын уран бүтээлчид 2022 оны 11 дүгээр сарын 30-нд Японы алдарт "Эн-Эйч-Кэй" их танхимд хүндэтгэлийн тоглолтоо толилуулж, цаашид дэлхийн урлагийн их танхимуудад тоглолтоо хийх гараагаа тавилаа.
Энэ нь тус танхимд Монгол Улсаас бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж байгаа Монгол Улсын анхны найрал хөгжим болсон төдийгүй тоглолтыг Япон Улсад төрийн айлчлал хийж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм Дээд хатан Масако нарын хамт уригдан үзсэн нь түүхэн явдал байв. Түүнчлэн Японы 126 дугаар Эзэн хааны хаан ширээнд өргөмжлөгдсөнөөс хойш үзсэн анхны тоглолт болсон гэдгээрээ онцлогтой юм. Тоглолтын дараа Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито Морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй уулзаж, 2007 онд Монгол Улсын Филармонид тоглосон “Цагаан хун” тоглолтод хийл тоглож буй өөрийн зургаа үзэн, “Сэтгэлд үнэхээр маш дотно байна” хэмээжээ.
Монголын Морин хуурын чуулга 1992 онд үүсэн байгуулагдсанаас хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд ЮНЕСКО болон Япон, БНХАУ, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Герман, Итали, ОХУ зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй театрын тайзнаа гадаад дотоодын хөгжмийн зохиолчдын олон гайхамшигтай уран бүтээлийг тоглож, үндэсний өв соёлоо гадаадын үзэгч сонсогчдод сурталчлахад чухал хувь нэмэр оруулжээ. Тиймээс тус чуулгын 30 жилийн түүхэн ойг тохиолдуулан 2022 онд “Монгол Улсын Соёлын элч”-ээр өргөмжилсөн юм.
7. Ж.Вердийн бүтээлүүдийг эгшиглүүлэгч дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин
Сонгодог урлагийн ертөнцөд Монгол хэмээх нэрийг алдаршуулж, 2016 оноос хойш дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан дуулж буй Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин 2021 онд дэлхийн “Шилдэг Баритон” дуучнаар шалгарч байсан бол 2022 онд дэлхийн дуурийн урлагийн мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг “Opera Wire” цахим хуудаснаас тодруулсан 2022 оны шилдэг 11 дуучны нэг болжээ.
Тэрбээр Итали, Испани, Бельги, ХБНГУ, Франц, Их Британи зэрэг Европын улсуудын сонгодог театруудад Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголетто, “Трабадур” дуурийн Ди Луна гүн, “Набукко” дуурийн Набукко, “Аида” дуурийн Амонасро, “Хувь заяаны хүч” дуурийн Дон Карло, “Багт наадам” дуурийн Анкастром болон Ж.Пуччинигийн «Тоска» дуурийн Скарпиа-гийн дүрд дуулж, үзэгч олны талархлыг хүлээн Монголын дуурийн дуучны чадварыг таниулж яваа юм.
“Opera Wire” цахим хуудсанд Э.Амартүвшиний талаар “Энэ үеийн шилдэг баритон хоолойтнуудын нэг төдийгүй дэлхийн томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучдын нэг, Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлүүдийн өөрт оногдсон дүр бүрийг баргил сайхан хоолойгоороо байлдан дагуулагч” хэмээн онцлон бичжээ.
Э.Амартүвшин нь 2004-2009 онд СУИС-ийг төгсөж, 2009-2016 онд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт Гоцлол дуучнаар ажилласан, 2011 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2022 онд Ардын жүжигчин цол тэмдгээр шагнуулсан авьяаслаг уран бүтээлч, Дэлхийн шилдэг дуурийн театруудийн тайзнаа сонгодог дууриудад дүрээ мөнхөлж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн "Шилдэг Баритон", Монголын бахархал болсон сонгодог дуучин юм.
8. Дэлхийг тойрон аялан тоглож буй “Хү” хамтлаг
Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг ба элементүүдийг орчин үеийн рок, хүнд металл хөгжимтэй хослуулсан "Хүннү рок" хөгжмийн урсгалыг бий болгож, 2016 оноос хойш уран бүтээлээ туурвиж буй “Хү” хамтлаг 2022 онд дэлхий дахинаа аялан тоглолтоо үргэлжүүлж байна.
Тус хамтлагийнхан энэ онд Ирланд, Их Британи, Австрали, Япон зэрэг орны олон хотод уран бүтээлээ танилцуулан тоглолт хийсны зэрэгцээ бүтээн туурвиж буй хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйл, үйл ажиллагаанд нийцэж, өөрсдийн улсын бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул “ЮНЕСКО-гийн энх тайвны төлөөх уран бүтээлч” цолыг авсан Монголын урлаг соёлын анхны төлөөлөгчид боллоо.
Оны төгсгөлд тус хамтлаг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран “Аянгын нүргээн” шинэ цомгоо Лондон хотноо 12 дугаар сарын 8-нд танилцуулсан бол “This Is Mongol” дууны клипийг нь Их Британийн “Metal Hammer” хүнд металл, рок хөгжмийн сэтгүүлээс жил бүр тодруулдаг оны шилдэг 10 дууны клипийн нэгээр шалгаруулсан байна. “This Is Mongol” дууны клипийн талаар дээрх сэтгүүлд бичихдээ “Монголын металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлагийн дууны клип бүрийг үзсэн бол та тэдний төрөлх нутаг руу аялахаар зэхэж байж болох юм. Дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг уран бүтээлүүдээ эх орныхоо зэрлэг онгон байгальд дүрсжүүлдэг. Харин “This Is Mongol” дуугаа бүтээхдээ АНУ-ын Невада муж улсад орших Мохаве цөлийг зорьсон байна. Гэсэн ч урьд урьдынх шигээ үнэхээр гайхалтай болсон тул гомдоллох аргагүй юм” хэмээжээ.
Ташрамд дурдахад, Монгол соёлыг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус хамтлагийн гишүүдийг 2019 онд төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнаж, 2020 онд Монгол Улсын Соёлын элчээр томилсон юм. “Хү” хамтлаг нь 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. “Wolf totem” дуу нь 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорч байв. Мөн “Yuve Yuve” дуу нь мөн тус жагсаалтын долоодугаар байранд жагссан амжилт гаргасан бол “Wolf totem” дуу нь “Hot rock songs” чартын 22 дугаарт бичигдэж байлаа. 2020 оны есдүгээр сарын 13-нд гаргасан анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байв. Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, "Golden play button" шагнал хүртжээ. Тус хамтлаг нь өвөрмөц хэв маяг, дуугаралтын өнгө тон нь доогуур маягтай байгаа нь рок сонсогчдод цоо шинэ мэдрэмж төрүүлж, олон улсад үзэгчдийг татаж байгаа юм.
9. Монголын тайзнаа 117 удаа тоглогдсон “Тамгагүй төр” жүжгийг Лондонгийн West End хүлээж байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, нэрт зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийг 2022 онд “Херо энтертайнмент” студийн ерөнхий найруулагч Бат-Өлзийн Баатар физикл драмын хэлбэрт оруулан шинэчлэн найруулж тавилаа.
Монголчуудын язгуур гүн ухааныг тодруулсан түүхэн туульсын сэдэвтэй уг эмгэнэлт жүжиг нь нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн агуу зохиол бөгөөд уг жүжгийг зохиогчийн хүндэтгэл зориулж шинэчлэн найруулжээ. УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглогдсон тус жүжгийг гадаад, дотоодын 68074 үзэгч үзсэн нь энэ цаг үеийн театрын жүжиг үзэлтийн дээд амжилтыг эвдээд байна.
Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хот дахь Английн театрын төв West End-д тоглохоор бэлтгэл ажлыг хийж байна. “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр найруулахаар судлаач, түүхч Жон Мэн, жүжгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нар ажиллаж буй бол жүжгийн зохиолын орчуулгыг монгол хэлнээс англи хэл рүү Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Эрдэнэцогтын Содонтогос хөрвүүлсэн юм.
Ташрамд дурдахад, британийн продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.