Сүрьеэгийн 3500 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, ХӨСҮТ хамтран “Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсни йхэмжээний цахим уулзалтаас гарсан шийдвэр, зөвлөмж болон уар тахлын улмаас сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.
ДЭМБ-аас 2021 онд Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30
орны нэгээр зарласан бөгөөд улсын хэмжээнд халдварт өвчний шалтгаант нас
баралтын нэгдүгээрт сүрьеэ өвчин бичигдсээр байна. Тодруулбал, жилд сүрьеэгийн
3500 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас жилд 200 гаруй хүн
нас бардаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол
нэмэгдсээр байна. Энэ оны эхний 9 сард 14 хүртэлх насны 213 хүүхэд сүрьеэгээр
өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос
0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалан
сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн тоо 2 дахин буурч, улсын хэмжээнд
бүртгэгдвэл зохих сүрьеэгийн шинэ тохиолдол зорилтот түвшинд хүрэхгүй байна.
Тухайлбал, 2021 оны III улирлын байдлаар сүрьеэ өвчний 1735 шинэ тохиолдол
бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс
36.3 хувиар буурсан. Илрүүлгийн хувь буурснаар өвчлөл улам бүр
нэмэгдэх эрсдэлтэй. Учир нь, сүрьеэ амьсгалын замаар дамжин халдварладаг,
архаг явцтай өвчин тул иргэд өвчилснөө мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ
бусдад халдвар тараасаар байдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн
жилд 10-15 хүнд халдвар тараадаг
гэдгийг эмч мэргэжилтнүүд тодотгов.
Сүрьеэгийн тархалтыг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргын
нэг нь сүрьеэгийн халдварт өртсөн гэр бүлийнхнийг сүрьеэгийн далд халдварын
эмчилгээнд бүрэн хамруулах явдал юм. 2021 онд 1350 далд халдвартай тохиолдлыг
эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн ч 12 дугаар сарын байдлаар 13.1 хувь нь
эмчилгээнд хамрагджээ. Иймд
цаашид сүрьеэгийн илрүүлгийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн далд халдварын эмчилгээний
хамралтыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 дугаар албан
даалгаварын эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнд эмч, мэргэжилтэн, эрүүл
мэндийн байгууллагаас гадна иргэд, олон нийтийн оролцоо чухал гэдгийг мөн онцлов.
Хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг нар оролцлоо.