Өвчин намдаах, харшлын эмийн үнэ нэмсэн зөрчил илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ.
Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотой эм тасалдсан хэмээн тайлбарласан аж. Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас мэдэгдлээ. Тус байгууллагаас эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг цаашид үргэлжлүүлэх аж.
Түүнчлэн соёл урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна. Мөн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулахаар төлөвлөжээ.