Кувейт улсын Гадаад хэргийн сайдыг Монголд айлчлахыг урилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-20 15:14:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай энэ сарын 19-нд уулзав.


Сайд нар өнгөрсөн онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


Манай тал Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Түлэнхийн төвийн барилга болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах ажил хуваарийн дагуу хэрэгжиж байгааг дурдаж, барилга угсралтын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв. Мөн Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлд хатуу хучилттай авто зам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгааг талууд тэмдэглэв.


Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо батлуулж, энэ хүрээнд түншлэгч орнуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тодорхойлсон тухай кувейтийн талд танилцуулсан бөгөөд талууд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж ажиллахаар тогтов.


Сайд нар Монгол, Кувейт улсын Засгийн газрын комиссуудын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг тэмдэглэж, Комиссын 2 дугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа манай тал мэдээлэв. Улмаар Монгол, Кувейтын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал зорьж ажиллахаа илэрхийлж, ирэх 5 жилд хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцов.


Сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

関連ニュース