Мутацлагдсан вирус тархсан орнуудаас ирсэн иргэнийг 14 хоног тусгаарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон анхаарах шаардлагатай зарим заалтын талаар танилцуулж байна. Үүнд:
-Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж 6 дахь хоногт “ПГУ” (PCR)-ын шинжилгээ авна.
-Эрүүл мэндийн яамнаас “Анхаарал татаж буй хувилбарын мутацлагдсан вирус голомтлон бүртгэгдэж байгаа гадаад улс, орны жагсаалт”-ыг тухай бүр гаргах бөгөөд тус жагсаалтад дурдсан улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин сууж байсан эсхүл 14 хоногийн хугацаанд дамжин өнгөрсөн хүнийг коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрснээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж 6 болон 12 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна.
-Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хугацаа дуусахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, “ПГУ”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгаж, гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
-Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
-Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг мөн адил тусгаарлахгүй бөгөөд гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
-Монгол Улсын хилээр нэвтрэх иргэд хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор коронавируст халдварын “ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлага хэвээр үргэлжилнэ.