Эмч, эмнэлгийн ажилтнуудад дархлаа дэмжих багц гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-13 16:26:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусээр халдварлаж эдгэсэн болон эмчлүүлж буй эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг хүсээд, ХӨСҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлд дархлаа дэмжих багцыг гардуулсан юм.

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр энэ үеэр цар тахлын үед нийслэлийнхээ иргэдийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг дэмжиж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн халдвартай орчинд ажиллаж байхдаа халдвар авч, эмчлэгдсэний дараа дархлааг дэмжих, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байсныг дурдсан юм.  

Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш “Коронавируст халдвар төдийлөн буураагүй энэ үед ард иргэдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг хүсэж байна” гэлээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд хичээж ажиллахаас гадна иргэдийн хичээл зүтгэл чухал байгааг тэрээр мөн онцлов.  


Дархлаа дэмжих багцыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 50 гаруй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 60 гаруй ажилтан, алба хаагчдад  гардуулах юм.


関連ニュース