Э.Тэмүүлэн: Коронавирусний шинжилгээ авах, тусгаарлах ажил удааширч магадгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-03-13 11:38:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх өдрүүдэд коронавируст халдвартай нь батлагдсан болон ойрын хавьтал болсон иргэдээс шинжилгээ авах, эмнэлэгт тусгаарлах ажил бага зэрэг удааширч магадгүйг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.  


Учир нь, өнгөрсөн 24 цагт коронавируст халдвар авсан хүн цочдом олон илэрснээр ойрын болон дам хавьтал маш их нэмэгдэж, ХӨСҮТ, НЭМГ-ын машин техник, хүний нөөц шавхагдаж, илүү олон цагаар ажиллах шаардлага тулгарчээ.


ХӨСҮТ, ЭМЯ-наас халдварын тархалт ихэссэнтэй холбоотой УОК-т тодорхой саналыг хэд хэдэн хувилбараар хүргээд байна. Тодруулбал, боломжтой бол бүх нийтийн хөл хориог 28 хоногоор тогтоох нь үр дүнтэй. Хэрэв ийм боломжгүй бол үйлчилгээний байгууллагын ажиллах цагийг богиносгох, нэг дор арваас дээш хүн цуглахыг хориглох, зайлшгүй цуглах шаардлагатай бол үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулах, халдвар их тархах эрсдэлтэй фитнэс, караоке, баар, рестораны үйл ажиллагааг 14 хоног түр зогсоох санал гаргажээ.


“УОК ямар ч шийдвэр гаргасан ард иргэд энэ халдварыг давж гарахын тулд амны хаалт зүүн, хүн хоорондын зай барьж, олон хүнтэй газраар явахгүй, орчноо агааржуулах зэргээр дэглэмээ сахин, хариуцлагатай хандсанаар вакцинжуулалтын үр дүнг үзнэ” гэдгийг Э.Тэмүүлэн тэмдэглээд, иргэдийн дунд вакцины эхний тун хийлгэсний дараа халдвар авахгүй гэх эндүү ойлголт  байгааг анхааруулав.


Тэрбээр, “Коронавирусний эсрэг вакциныг хоёр тун хийлгээд 7-14 хоносны дараа дархлаа тогтож, халдвар авах эрсдэл багасна. Эхний тунг хийлгэсний дараа халдвар авахаас сэргийлж, аж ахуйн нэгжүүд аль болох олон хүн цуглуулахгүй байж, халдварын үе шат, тархалтын энэ байдлыг вакцинжуулалтын ачаар эсэн мэнд хохирол бага даван гарах боломжтой” гэлээ.

 

 

関連ニュース