Хархул хааны балгасын шинэ баримтыг нотолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон ХБНГУ-ын Боннын их сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний төслийнхөн Хархул хааны балгасын геомагнетикийн дэвсгэр зургийг Эрдэнэмандал сумын удирдлагуудад гардууллаа.
Судалгааны үр дүнд Хархул хааны балгас нь огтлолцсон өргөн чөлөө бүхий олон барилга байгууламжтай инженерийн төлөвлөлтийн дагуу барьсан том хот байсныг анх удаа баримтаар ийнхүү нотолжээ.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануйн голын урд хөвөөнөө, сумын төвөөс баруун урагш арваад км зайд эртний хотын нэгэн үлдэц оршдогийг нутгийнхан Хархул хааны балгас хэмээн нэрлэж домоглон ярилцсаар иржээ. Хотын үлдэгдэл нь тодорхой сайн мэдэгдэх том дөрвөлжин хэрэм, түүнээс хойгуур бас нэг жижиг дөрвөлжин хэрэм, түүнчлэн гадуураа тусгай хэрмийн бүдэг ором бүхий том том барилгын ор сууриуд зэрэг нэлээд том талбай эзэлсэн хэсгүүдээс бүрддэг.
Хамгийн том дөрвөлжин хэрэм нь ертөнцийн зүгүүдтэй бараг давхцан байрласан, баруун хана нь 380 м, зүүн хана нь 390 м урт, өмнөд болон хойд хана тус бүр 350 м хэмжээтэй. Хэрмийн дундаж өндөр 3 метр. Дөрвөн талдаа тус бүр нэжгээд чулуун хаалганы үлдэгдэлтэй. Хаалгыг саарал болон ягаавтар өнгийн боржин, давхарлаг элсэн чулуугаар үелүүлэн өрж шохойн зуурмагаар шавж бэхэлсэн байх ба хаалга тус бүрийн гадна талд мөн ижил өрлөг хийц бүхий далдавчтай. Өрлөгийн шаваасны дотор дээврийн ваарны бутархай хэсгүүд тааралдаж байгаа нь үүнийг барихад эрт үед энд байсан барилгын үлдэгдлийг ашигласан болохыг гэрчилдэг.
Хэрмийн төв дунд хоорондоо холбоотой гурван барилгын, мөн урд талд нь тусдаа нэг том дөрвөлжин барилгын үлдэгдэл бий. Хархул хааны балгаст хийсэн судалгааны ажлын дүнд, эндэх хотыг түүхийн хэд хэдэн үед дахин дахин сэргээн барьж байсан шинж тэмдэг мэдэгдэх ба бүр анх хэдийд суурийг нь тавьсан нь тодорхойгүй, ямар ч атугай XIII зууны үеийн Хар Хорум хот оршин цэцэглэж байхад нэгэн удаагийн их бүтээн байгуулалт явагдсан, түүнээс хойш XVII зууны үед дахин сэргээн барьж хүн ам оршин сууж байсан нь мэдэгддэг юм.