Уламжлалт сав, суулгыг хэрэглэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭӨвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын уламжлал, өв соёлыг хадгалсан гуулин шанага, данх сав суулгыг хэрэглэж байх уриалгыг дэвшүүллээ.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас Нарантуул захад худалдаалж буй 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хуванцар саванд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд ДЭМБ-ын зөвлөмж болон манай улсад мөрдөгдөж буй стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хар тугалга 60-800 дахин их, Формальдегид 800-6900 дахин их, формалины үлдэгдэл 27.0-53.43 мг/л /илрэх ёсгүй/, аммиак 27 дахин их байгаа нь тогтоогджээ.
Мөн тус саванд хадгалсан сүүнд хар тугалга 3-4 дахин их, айрганд 4 дахин их гарсан байна. Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэн цаашлаад хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хэмээх дүгнэлт гарсан байна.
Хуванцар савны хор ямар нэг шинж тэмдгээр шууд илэрч гардаггүй, хар тугалга, химийн бусад бодис нь аажмаар хүний биед хуримтлагдан уусч, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлж эхэлдэг болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Тиймээс эцэг өвгөдөө уламжилж ирсэн заншлаа дагаж айраг, цагаагаа хөхүүр, домбондоо хийж, ундны усаа зориулалтын модон, гуулин, хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган, шаазан, шилэн гэх мэт өөр саваар солих, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж хуванцар савны хэрэглээг халах, худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартын тор сав ашиглахыг нийт иргэдэд уриалж байна.
Өвөрхангай Б.Батчимэг