Монгол залуус цахим спортоор Чунцин хотноо өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хятадын Чунцин хотноо “World Electronic Sports Games” цуврал тэмцээний 5 сая долларын шагналын сантай Цахим спортын III олимпиад эхэлж байна.
Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх энэ олимпиад нь нийт 6 төрлөөр 8 тэмцээн болох юм. Alibaba-гийн салбар Alisport компанийн зохион байгуулж буй “WESG 2018-2019” олон улсын "World Final" тэмцээнд тамирчид шигшээ баг бүрдүүлэн оролцож байгаа нь олны анхаарлыг татаж байна.
CS:GO, HearthStone төрлөөр эмэгтэйчүүдийн тэмцээн болно. Харин үндсэн төрөл болох CS:GO, Dota 2 хэвээр байгаа аж. Монгол Улсаас DOTA 2; STARCRAFTII; HEARTHSTONE төрлөөр Team Horhor, Ононбат "Sioras" Батаа, Намбаржин "Lambo" Түмэнбаяр нар оролцох юм. Эхний шатанд 24 баг 4 хэсэгт хуваагдан тоглох бөгөөд шилдэг 2 баг плей-оффт шалгарна.
Дашрамд сонирхуулахад, Манай улсад 2000 оноос цахим спорт хөгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед подвольд байрладаг компьютер тоглоомын газруудад цахим спорт сонирхогчид цугладаг байв. Харин сүүлийн 10 шахам жилд цахим спортоор хичээллэгчид Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцох болсон билээ.