Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” уран уншлагын наадмын шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит Монгол хэл уран зохиолын танхим, Үй-Цай сургуулиас жил бүр зохион явуулдаг “Эзэн заяа “ уран уншлага яруу найргийн наадам өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү яруу найргийн наадмыг 7 дахь жилдээ, өнөө жил их найрагчийн мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан “Эзэн заяа дуун цэгүүний анхдугаар наадмыг зохион явуулав. Энэ удаагийн наадамд Улаанбаатар нийслэлийн 4 дүүргийн 17 сургуулийн 70 сурагч, багш нар, эцэг эхийн төлөөлөл цугларсан нь энэ наадмын цар хүрээ өргөжин тэлсээр байгааг илтгэж байгааг сургуулийн удирдлагууд хэлж байна.
Тус сургуулийн захирал Д.Баяр ярихдаа, "Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа”уран уншлага, яруу найргийн наадмыг зохион байгуулахын гол зорилго нь цэрэг эх орны сэдэвтэй яруу найргаар дамжуулан хүүхэд багачуудыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, ахмад үеэ хүндэтгэн хайрлах зэрэг зөв ёс суртахууныг өвлүүлэхэд оршино. Манай сургууийн багш, эцэг эхчүүд энэхүү наадмыг дэмжин их найрагчийн төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын Шарилан гэдэг газарт “Эзэн заяа”,” Тусгаар тогтнол”, “Эх орон” зэрэг бүтээлд нь зориулж дурсгалын хөшөө босгох санаачилга гаргаад байна. Үүнийг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, захиргаа, “Пүрэвдорж сан”-гийн тэргүүн, ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн нар ихэд талархан хүлээж авсан. Яруу найргаар дамжуулж хүний сэтгэл хөглөгддөг, түүгээр дамжуулж илэрхийлсэн гүн утгаар хүмүүс хоорондоо хайрыг дамжуулдаг, мэдрэмж, чадвар, туршлага, соёл төлөвшдөг. Өөрийн үзсэн харсан, сонссон сэтгэгдлээ үгийн сайхнаар уран илэрхийлэх нь хүүхдийн төсөөлөн бодох чадвар, сэтгэлгээг задалж өгдөг гэж боддог. Тиймээс аль ч улс орны дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ талын чадвар суулгах агуулга багтсан байдаг. Иймээс манай сургууль нийслэлийн сургуулиудын дунд зохион байгуулж байна. Манай сургууль хятад, англи хэлийг заадаг ч монгол хэлний сургалтыг ихэд чухалчилдаг. Эх хэлээ сайн эзэмшсэн байхад бусад ямар ч гадаад хэлийг сурахад их дөхөмтэй байдаг юм. Энэ жилийн ЭЕШ-ын монгол хэлний шалгалтад манай сургуулийн гурван төгсөгч тус бүр 800 оноо авсан, мөн монгол бичгийн уран бичлэгийн тэмцээнд удаа дараа тусгай байранд шалгарч байсан" гэв.
Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Ж.Сарантуяа, МУГЖ, уран уншигч Д.Жагдаг, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан нар ажилласан бол МУГЖ, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа “Дөрвөн цагийн тал” дуугаараа мялаалга өргөв. Яруу найргийн наадмыг тайзны соёл, унших чадвар, дүрийн хувирал зэрэг шалгуур үзүүлэлтээр тус бүр 0-5 оноогоор дүгнэн, бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд хоёр үе шаттай болов.
Бага насны ангилалд нэгдүгээр байрт Үй-Цай сургуулийн сурагч
О.Итгэл, удаах байрт мөн сургуулийн сурагч Б.Тэнүүн, гуравдугаар байрт
116 дугаар сургуулийн сурагч Б.Дөлгөөн, тусгай байрт Үй-Цай сургуулийн сурагч
Г.Анар, 13 дугаар сургуулийн сурагч Д.Эрхэмбаяр нар шалгарав.
Дунд насны ангилалд нэгдүгээр байрыг Үй-Цай сургуулийн сургач О.Маргад-Эрдэнэ, дэд байрыг мөн сургуулийн сурагч М.Бишрэлт, гуравдугаар байрыг 111 дүгээр сургуулийн сурагч А.Баясгалан, тусгай байрыг 111 сургуулийн сурагч М.Өлзийбаясах, 16 дугаар сургуулийн сурагч Ш.Цогзолмаа нар эзэлсэн бол ахлах насны ангилалд тэргүүн байрт Өсвөрийн зохион бүтээх ахлах лицей сургуульийн сурагч Д.Мөнхгэрэл, дэд байрт 111 дүгээр сургуулийн сурагч Г.Адъяасүрэн, гуравдугаар байрт Өсвөрийн зохион бүтээх ахлах лицей сургуулийн сурагч А.Номин-Эрдэнэ, тусгай байрт Үй-Цай сургуулийн сурагч Б.Хишигтогтох, 52 дугаар сургуулийн сурагч Э.Хүслэн нар шалгарлаа.