Урьдчилсан байдлаар Дундговийн хүн ам өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ2015 онд орон даяар явуулсан хүн ам, орон сууцны завсарын тооллогын явцад хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэсэн урьдчилсан байдлаар Дундговь аймгийн хүн ам 44700-д хүрсэн байна.
Гэхдээ дүн мэдээ эцэслээгүй. Одоо ч мэдээллийн санд мэдээлэл нэмэгдэж байгаа тул эцсийн байдлаар хүн амын тоог зарлах боломжгүй гэдгийг Статистикийн хэлтэс тодотгосон юм.
44700 гэдэг нь шилжилт хөдөлгөөнөөс улбаалан хүн амын тоо сүүлийн таван жил тогтмол буурч ирсэн тус аймгийн хувьд хүн ам өссөн эерэг үзүүлэлт болно.
Завсарын тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн аргаар явуулснаар урьд урьдын тооллогоос онцлог болсон бөгөөд статистик мэдээллийг тодотгох, шинэчлэн сайжруулах, хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулж, төрийн захиргааны болон салбарын сангуудтай уялдуулах, мөн 2020 онд явуулах хүн ам, орон сууцны ээлжит тооллогын суурь нөхцлийг бүрдүүлэх зорилготой байсан. Мэдээллийн сан нэлээд сайн шинэчлэгдэж, цэгцлэгдэж байгаа учраас хүн амын тоо нягтлал сайтай гарахаар байгаа ажээ.
Дундговь Т. Отгонтуяа