Цэц улстөржсөн шийдвэр гаргасан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-10 17:30:54

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах болон Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаж “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж, хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэсэн дүгнэлт гаргасан аж. Энэхүү шийдвэрийг тэрбээр “Шууд бус утгаараа Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудалд саад болох зорилготой, улс төржсөн шийдвэр гаргалаа хэмээн ойлгож байна” хэмээн үзэж байгаагаа хэллээ. Түүнчлэн цэцийн энэхүү шийдвэр УИХ-ын бүрэн эрхэд халдаад зогсоогүй, Төсвийн тухай хууль, төсөвт хяналт тавих УИХ-ын бүрэн эрхэд халдсан шийдвэр болсон гэж О.Баасанхүү гишүүн үзэж байна.

Мөн ирэх долоо хоногт УИХ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлыг хуулийн дагуу хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдээд эл асуудлыг хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байна гэлээ.

Б.Туул

関連ニュース
コメント