Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд татварыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-08-03 10:29:59
ЗАГРЕБ. /Синьхуа/. Пүрэв гарагт болсон Хорватын засгийн газрын хуралдаанд өргөн барьсан баримт бичигт тусгасны дагуу тус улс нь эдийн засгаа хөгжүүлэх, еврогийн ханшийг сулруулах зорилгоор ирэх оны нэгдүгээр сараас эхлэн татварын цуврал шинэтгэл хийхээр болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Зуны завсарлагааны өмнөх засгийн газрын сүүлийн хуралдаанд “2019-2021 оны эдийн засаг, санхүүгийн бодлогын үндсэн чиглэл”-ийг тус улсын сангийн сайд Здравко Марич өргөн барьсан байна.

Уг баримт бичигт тусгаснаар, сард 17500 куна буюу 2700 ам.доллароос өндөр цалинтай ажилтнуудын орлогын албан татварыг 36 хувиас 24 хувь болгон бууруулж байгаа бол 30000 куна буюу 4700 ам.доллароос өндөр цалинтай хүмүүсийн хувьд 36 хувийн татвар нь тохиромжтой гэж үзжээ. Үүний зэрэгцээ, мах, загас, жимс, хүнсний ногоо болон хүүхдийн живх зэрэг бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг 25 хувь байсныг 13 хувь болгон бууруулах юм байна. Ингэснээр хөдөлмөр эрхлэлт сайжирч, ажлын байран дахь осол эндэгдэл арилна гэж үзэж байгаа ажээ.

Татварын уг шинэтгэл нь хөрөнгө оруулагчдад ч ихээхэн ашиг тустай бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын олон компанийн бизнест тус нэмэр болно гэж Хорватын эрх баригчид таамаглаж байгаа юм байна.

“Энэхүү шинэтгэлээр хийгдэх багц хуулийн төслийг ирэх есдүгээр сард парламентад өргөн барихын өмнө энэ сарын дундуур 2-3 долоо хоногийн турш олон нийтэд танилцуулан, тэдний санал бодлыг нээлттэй хүлээн авах бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлнэ” гэж З.Марич мэдэгджээ.

Э.Хулан
 
Related news