Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол үйлдэл хэзээ ч өөрчлөгдөхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 09:27:47

Орхон аймгийн 100 мянга гаруй иргэний 4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Тодруулбал, оюуны болон бие бялдарын хөгжлийн бэрхшээлтэй 4000 иргэн бий.

Тэднийг жилд цөөн удаа төр, нийгэм нь анхаардаг. Тухайлбал, 12 дугаар сарын гуравны өдөр. Бусад үед  тэд төрийн байгууллагаар үйчлүүлэх гэж тэргэнцэртэйгээ “нисэх” эсвэл хэл, ярианы бэрхшээлтэй иргэнд үйлчилж чадах эрхэмийг хайсаар эцэст нь хаалгаа гаднаас нь хаана. Монголчуудын хэлбэр дагасан сэтгэхүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд заримдаа гай болдог гэхэд хилсдэхгүй. Учир нь төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, зам, нийтийн бие засах өрөө, талбайтай боллоо гэж тууз хайчлан сүржигнэдэг ч угтаа тэргэнцэрийн зам нь авто зогсоолтой шууд нийлдэг. Эсвэл хэт огцом өндөр шат нь тэргэнцэртэйгээ уруудахад гарын болон тоормозны хүчийг нь шалгадаг байх жишээтэй. Мөн хэл болон харааны бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагаар үйлчлүүлэх гэж  бөөн асуудал. Тэдэнд мэдээлэл дамжуулчих дохионы ажилтан байхгүй. Дээрээс нь улс төр болон нийгмийн амбиц хөөсөн этгээдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзахдаа тэдэнд тулгамдаж буй асуудалд нь бус өөрийнхөө карьерийн гэрэл зурагтаа анхаарна. Тэдэнд ингэж тусаллаа гэх гарчигтай гэрэл зураг цахим орчинд түгэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс саналыг нь асуулгүй зураг авч, бичлэг хийж, мэдээлэл бэлтгэнэ. Тэдний нэр төрөө хамгаалах эрхийг зөрчиж байгаагаа юман чинээ тоохгүй хувь хүн, албан байгууллага байсаар л байна. Үүнд хэвлэл, мэдээллийн байгууллага ч “үнэтэй хувь нэмэр” оруулаастай.  Орхон аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдээ жилд дунджаар 200 гаруй сая төгрөг зарцуулдаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэрийхний нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг орон нутгаас төлдөг. Мөн тэдний эрх  ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  төрийн бус 8 байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Гэвч энэ хангалтгүй байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалтын үеэр харагдаж байлаа.  Тухайлбал, хөдөлмөр эрхэлж чадах нь ажилтай болох, ярьж чаддаг нь хүнтэй харилцах, сэтгэж чаддаг нь бүтээлээ үнэлүүлэх, алхаж чаддаг  нь хорвоотой танилцах  олон мөрөөдөл байгаа нь тэдний яриа, харцнаас илт байлаа. Иймд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах сэтгэлгээгээ эхлээд өөрчилвөл үйлдэл өөрчлөгдөнө гэдгийг ойлгох нь зүйтэй юм. Хэн нэгний амбицын “үзэгдэл”, албан байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд гэгдэх “тохуурхал”, төрийн бус байгууллагын сайн үйлсийн аян гэгдэх “ үл хүндэтгэл” хэрээс хэтэрч эхэллээ. Иймд юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр төр, үзэл бодлыг нь хүндэтгэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, бид сэтгэлгээ, хандлагаа өөрчлөхгүй бол үйлдэл хэзээ ч өөрчлөгдөхгүй.  Авто машины зогсоол руу чиглэсэн тэргэнцэрийн зам, замын хаалттай хайс, хашлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж үл чадах төрийн түшмэл байсаар байх болно.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Related news