Боулингийн 10 сая төгрөгийн эзэд тодорсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-08 09:21:55

“Coca Cola Zero Bowling championship 2015” боулингийн тэмцээнийг зохион байгуулагчид 300 оноо авсан тохиолдолд 10 сая төгрөгөөр шагнахаар амалсан ч тус шагналын болзлыг хангах баг хараахан тодроогүй байна.

“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, “MCS” ХХК-тай хамтран “Coca Cola Zero Bowling championship 2015” тэмцээний нэгдүгээр шатыг 10 гаруй салбарын дунд зохион байгуулсан юм. Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн бямба гарагт салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг. Давхардсан тоогоор тэмцээнд 4000 гаруй тамирчид оролцжээ. Зургаа дахь жилдээ зохиож буй тус тэмцээний финалын тоглолт энэ сарын 5-нд болж шилдэг 21 баг өрсөлдөв.

Шилдгүүдийн өрсөлдөөн дундаас “CAD” багийнхан аваргалж, СЭЗДС, УБЦТС-ийн боулингчид удааллаа. Шилдэг тоглогчоор 237 оноо авсан В.Энхбат (“Ди Жи Эйч”) тодорлоо. Баг тус бүр дөрвөн тоглолт хийж, хамгийн өндөр оноо авсан найм нь дараагийн шатанд шалгарсан. Нэгээр гарсан нь наймд шалгарсантай хасагдах журмаар тогложээ.

Энэ тэмцээнд эхний наймд шалгарсан баг ирэх оны хоёрдугаар сард болох “Холбооны цом”-ын АШТ-д өрсөлдөх эрх авсан юм.

Д.Өлзий

Related news