Сүхбаатар аймгийн 500 гаруй багш зөөврийн компьютертэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 09:05:53

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн Багшийн хөгжил дэд хөтөлбөрийн хүрээнд багш нэг бүрт зөөврийн компьютер олгож байгаа бөгөөд Сүхбаатар аймагт багшийн 538, сурагчийн 223 ширхэг компьютер иржээ. 

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд багшилж байгаа 16 ЕБС-ийн үндсэн 525 багш, үүн дээр насан туршийн боловсролын 14 багш нэмэгдээд нийт 539 багш ажиллаж байна. Эдгээр  бүх багш нарт зөөврийн компьютер олгогдсон, харин сургуулиудын хүүхдийн тооноос хамааран сурагчийн компьютерийг өөр өөр хуваарилжээ. Шинээр шилжиж ирсэн болон сургалтын менежер байж байгаад багш болсон тохиолдолд зөөврийн компьютер олгогдохгүй юм байна. Багшийн  компьютер нь 570 долларын үнэтэй 4GB-ын хүчин чадалтай бол, сурагчийн компьютер нь 540 долларын үнэтэй 2 GB-ын хүчин чадалтай гэнэ.

Ийнхүү багш нэг бүр зөөврийн компьютертой болсоноор сургалтын чанар сайжирч, хөдөө хотын багш нарын ур чадвар болоод чанарын ялгаа үгүй болно гэж аймгийн БСГ-ын дарга Л. Байгалмаа хэллээ.

Улсын хэмжээнд нийт 25000 компьютерийг багш бүрт, 11340 компьютерийг сургууль бүрт лабораторийн анги байгуулах зорилгоор олгожээ.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Related news