ТИКА төслийн хүрээнд 600 сая гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-13 12:04:09
Архангай /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-аас Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгийнуур суманд өнгөрөгч 9 сараас эхлэн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн өргөтгөл барих, засварлах ажлуудыг хийж дуусгалаа.

Төслийн хүрээнд Хашаат суманд л гэхэд Эрүүл мэндийн төвийн бохирын шугамын цооногийг шинэчлэн барих, цэцэрлэгт хоёр өргөтгөлийн анги барих, сургуулийн хоолны газрын засвар хийхэд 225 сая орчим төгрөг зарцуулжээ. Харин Өгийнуур суманд цэцэрлэгийн хоёр ангийн өргөтгөл, сумын эрүүл мэндийн төвийн бохирын шугамын худаг, цооногийг шинэчлэл, Хотонт сумын цэцэрлэгт хоёр ангитай өргөтгөл барих, Эрүүл мэндийн төвийн эхчүүдийн амрах байр барих, сумын сургуульд хөргүүртэй контейнер байгуулах ажлуудыг хийжээ.
ТИКА төслөөс нийтдээ 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг дээрх гурван суманд хийсэн байна.

ТИКА нь Монголд анх төсөл, хөтөлбөрөө “Соёлын өв”-ийг хойч үедээ уламжлах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Хашаат суманд хэрэгжүүлсэн Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах төслийн (MOTAP) хүрээнд археологийн малтлага, судалгаа хийх, Хөшөө цайдам музейг барьж байгуулах, Билгэ хааны автозам буюу Хархорин сумаас Хөшөө цайдамын музей хүртэлх 45 км авто зам барих ажлуудаар 1994 онд эхлүүлсэн байна.

Б.Гэрэлт-Од
Related news